БАЙНГЫН ХОРОО Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт болон Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай буюу Д.Гантулга гишүүний өргөдлийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох аж.

Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу