ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

УИХ-ын Төвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Уг хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор зааж буй юм байна.
 
Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, татварын хувь хэмжээ хоорондоо уялдаагүй байсныг уялдуулж, хуулийн хэрэгжилтийг үр ашигтай болгох зохицуулалтуудыг тусгасан байна.
 
Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан.
 
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгаж, албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгожээ. Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр тусгасан байна. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар төсөлд оруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш, шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжинө гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Мөн татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу татвараа шударгаар тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байна гэж тооцжээ.
 
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу