Н.Зоригт: Орос улс Монголын бүтээгдэхүүнд тавьдаг эдийн засгийн хоригоо багасгах хэрэгтэй

Хос аз ХХК-ийн  ерөнхий захирал Н.Зоригттой цөөн хором ярилцлаа. Тэрээр Чех улсад гутлын дизайнер мэргэжил эзэмшжээ. Хуучин гутлын үйлдвэрт ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байв. Мөн Итали улсын хөрөнгө оруулсан цехэд даргаар ажиллаж байсан.

-“Монгол-Оросын санаачлага-2018” чуулганаас хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйг та хэрхэн харж байна вэ. Танай салбарт аль чиглэлээр оросуудтай идэвхтэй харилцаатай вэ?

-Би социалзмын үеийн хүн. Монгол улс чөлөөт зах зээлд шилжиж орсноос хойш энэхүү зах зээлд зохицож, янз бүрийн байдлаар ажиллаж байна. Хийе, бүтээе гэж бодож, зорьж байгаа ажлууд олон байдаг. Миний мэдэхээр түүхээс дурдвал, манай улс ОХУ-тай худалдааны чиглэлд арьс ширийг гаргахаар татварын хувьд асар их татаас, дарамттай байсан гэж хэлж болно. Монголоос арьс ширийг Орос улс руу гаргахад хуучин нийгмийн үед ч өндөр татаастай байсан. Одоо ч гэсэн энэ татаас нь хэвээрээ, өөрчлөгдөөгүй.

Манай улсын төрийн удирдагчид гадаад руу нэлээд явдаг. Гадаадаас тусламжийн мөнгө их гуйх юм. Тусламжийн мөнгө гэдэг бол тусламжийнхаа хүрээнд л байдаг. Эдийн засгийн салбарт хамтарч ажиллана гэдэг мөнгө гуйх биш эх орны бүтээгдэхүүнийг гадагш нь гаргаж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах зэргээр арай өөр байдлаар хамтарч ажиллах ёстой. Манай улс бүтээгдэхүүнээ Орос улс руу гаргахад татварын хөнгөлт гэх мэт хууль эрх зүйн үндэслэлийг нь хөнгөлж, нээгээд өгвөл бизнесмэнүүд зах зээлээ өөрсдөө олоод авна шүү дээ.

-Энэхүү чуулга уулзалтаас та юу хүсэж байна вэ?

-Монгол, Оросын санаачлага чуулга уулзалт болсонд баяртай байна. Чуулга уулзалтын дараа үр дүнг харуулсан тодорхой нааштай үзүүлэлтүүд гарна гэдэгт найдаж байна. Миний горьдлого бол ОХУ-ын Засгийн газар гааль, татварын татаасаа багасгаж өгөхийг л хүсэж байна. Бид Орос, Хятадын нутаг дэвсгэрт явж, бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэтэл хоёулаа татвараар шулаад салахгүй байдаг. Хятад, Оросын татвар өндөр байна. Бид дотоодын зах зээлээ хангана гэдэг. Гэтэл бараа бүтээгдэхүүний борлуулалт удаан. Жишээ нь, манай компани өдөрт нэг ээлжинд 1000 хос гутал хийдэг ч боруулалт удаан байдаг. Эдийн засгийг эрчимжүүлж, солонгоруулна, зээл хямдхан өгнө  гэж яриад байдаг. Гэтэл эдийн засгаа яаж эрчимжүүлэх нь тодорхой биш байна.

-Оросын бизнесмэнүүдтэй хамтарч ажиллахад ямар саад бэрхшээл, давуу тал байдаг вэ?

-Орос улстай манай улс олон зуун жил хиллэж, хамтын ажиллагаатай явж ирсэн. Монгол, Оросын ард түмэн бүгдээрээ оросоор ярьдаг. Хоорондоо ойлголцоход хэлний хувьд асуудалгүй, мөн соёл, түүх, заншлын хувьд бусад орнуудаас илүү монголчууд оросуудыг ойлгодог. Харин ганцхан зүйл онцлож хэлэхэд, Орос улс Монголын бүтээгдэхүүнд тавьдаг эдийн засгийн хоригоо багасгах хэрэгтэй. Бид оросуудтай стратегийн түнш юм уу, эсвэл сайн харилцаатай хөрш орнууд уу гэдгээ тодорхой харуулаасай гэж бодож байна.

-Тэгвэл ОХУ гааль, татварын эдийн засгийн хоригоо хөнгөлвөл хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны зам чөлөөтэй болно гэж үзэж байгаа юм уу?

-ОХУ татварын олон төрлийн эдийн засгийн хоригоо багасгах хэрэгтэй. Хэдэн арван жил манай улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар энэ тухай саналаа хэлж, ярьсан ч одоог хүртэл багассангүй.

Би хорин жил уулзалт, чуулганд оролцож байна. ОХУ-д гаалийн татвраас гадна бүсийн татвар, худалдааны татвар авдаг. Ний нуугүй хэлэхэд, жишээ нь, оросууд мөнгөгүй гэж хэлээд бартераар тооцоо хийж, шахдаг. Иймэрхүү худалдаа, арилжаа бидэнд хүндрэлтэй байдаг.

-Оросын тал энэ асуудалд ямар тайлбар өгдөг юм бэ?

-Оросын талын дипломатчид, гадаад худалдаа хариуцсан түшмэл зэрэг төр, засгийн хүмүүс нь энэ асуудлаа мэдэж байгаа. Манай улс ОХУ-тай хамтарсан хурал, чуулганд олон удаа оролцож байсан. Бид санаачлагыг олон удаа гаргасан. Татварын асуудлаа хөнгөлж, шийдэхийг нь горьдож суусаар олон жил өнгөрсөн. Гэвч энэ удаагийн чуулган ажил хэрэгч болж байгаа тул үр дүн гараасай гэж бодож байна.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу