МАХН: Их чуулганд оролцох гишүүдээ баталсан байна

МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2018.05.28/ “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нарын хүмүүс оролцов.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын бүртгэлтэй холбоотой асуудлыг улстөржүүлж байна. Энэ асуудал олон түмний хараа хяналтад ороосой, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа шүүгчдийг мэдэж аваасай гэж хүсч байна. МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ дүрмийн хүрээнд Бага чуулган, Их чуулганыг зарласан. Ингээд Бага чуулганы 20 дугаар хуралдааныг өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр зарлаж, 67 хувийн ирцтэй хуралдсан. Энэ хуралдаанаар Их чуулганыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн баталж, оролцох гишүүдээ баталсан. Их чуулган бол хууль ёсны дагуу зохион байгуулагдана” гэв.

МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням:

-МАХН дотор одоогоор ямар нэг маргаан байхгүй. Зөвхөн О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын цөөн хүмүүс намын дүрэм, Улс төрийн намын тухай хууль зөрчиж Их чуулган хийсэн. Улсын дээд шүүх тэдний хурлыг хэрэгсэхгүй болгосон. МАХН-ын Бага чуулганд О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарыг оролцохыг урьсан боловч, тэд ирээгүй.

Эх сурвалж: News.mn
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу