Үлэг гүрвэлийн төв музей

Өнөөдөр Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музейд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхим шинээр нээгдлээ. Энэхүү танхим нь дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсролыг үзэгчдэд олгох зорилготой байгуулагджээ.

Геологийн хөгжлийн таван эринд хамаарах 12 галавт амьдарч байсан амьтан, ургамлын үүсэл хөгжлийг харуулсан 324 м.кв талбай бүхий энэхүү танхимаас шим ертөнцийн хөгжил буюу эртний амьтан ургамлын үүсэл, тэдгээрийн хөгжил, тивийн шилжилт хөдөлгөөн зэргийг он тооллын дарааллаар үзэх боломжтой аж.

Энэхүү танхим эрт, дунд, шинэ төрмөлийн орчны талаарх онолын мэдлэгийг үзэгчдэд өгөхөөс гадна эртний амьтан, ургамлын амьдарч байсан орчныг харуулсан панорамм, диорамм, макет, АНУ-аас ирсэн олдворуудыг жакенаас цэвэрлэж шилэн хоргод байрлуулан бодитоор үзмэр үзүүлэн болгон толилуулж буй юм байна.

Шинэ танхимд архей, протерозой, палеозой, мезозой, кайнозей эрин буюу бидий амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан, ургамал болон Завраполус гол үзмэрийг тойроод Эрдмийн зөвлөлийн дарга н.Ариунчимэгийн 30-аад жилийн хугацаанд цуглуулсан нийт 200 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа аж. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд энэ танхимыг байгуулжээ.

Энэ жил Үлэг гүрвэлийн төв музейг давхардсан тоогоор 80-аад мянган үзэгч, үүний дотор 50-иад мянган хүүхэд багачууд үзэж сонирхсон байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу