Н.Арвинтариа: Эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг өөгшүүлдэг нийгмийн хандлагыг өөрчлөх цаг болсон

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Эрх зүйн шинэчлэл” хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч Н.Арвинтариатай гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болон үүнийг таслан зогсоох асуудлаар ярилцлаа.

Түүний ажилладаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 1995 онд байгуулагдсанаас хойш 19 000 гаруй хохирогчдод хууль зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө, хамгаалах байрны үйлчилгээ, туслалцаа үзүүлсэн байна.

-Ардчилсан хүнлэг нийгэм гэсэн тодотголтой Монголд сүүлийн жилд хүчирхийллийн тоо өссөн. Үүнд их харамсаж явдаг. Та хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй олон жил ажиллахдаа ямар хүнд хэргүүдийг өмгөөлж байв. Олон нийтэд урьдчилан сэрэмжлүүлэх үүднээс эхлээд ярьж өгнө үү?

-Би 2005 оноос хойш Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллахдаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 200 гаруй хохирогчийг өмгөөлсөн. Миний анх өмгөөлсөн хүчирхийллийн хэрэг бол 25 настай залуу аавынхаа амь насыг хөнөөсөн хэрэг байсан. Энэ хэргийн үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг судлаж үзэхэд тухайн гэр бүлд хүчирхийллийн харилцаа маш олон жил үргэлжилж, даамжирсан байсан. Залуу хүүхэд байхаасаа л аавынхаа хүчирхийлэл, дарамтыг биеэрээ мэдэрч, ээжийг нь байнга зодож зовоохыг харж өссөн байдаг. Аав нь ээжийг нь ална гэж байнга заналхийлж, буу зэвсгээр сүрдүүлэх болсон. Залуу ээжийгээ аврахын тулд өрсөж аавынхаа амийг хөнөөсөн байдаг.

Мөрдөн байцаалтын ажиллагааг тухайн гэр бүлийн амьдралын түүхэнд чиглүүлж, өмнөх хүчирхийллийн түүх залуугийн санаа сэтгэлд нь нөлөөлсөн эсэхийг шүүх сэтгэцийн шинжээчээр тогтоолгосон. Түүний үр дүнд шүүхээс “санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алах” гэсэн хөнгөн зүйлээр ял оногдуулж байсан. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлогтой. Үүнд, 1-рт бусдын нүднээс далд үйлдэгддэг, 2-рт байнга давтагддаг, 3-рт давтагдах тусмаа даамжирч байдаг, 4-рт даамжрах тусмаа үхэл амьдралын зааг ойртож байдаг юм. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шалгахдаа энэ зүй тогтлыг анхаарах нь маш чухал. Олон нийтэд хандаж хэлэхэд гэр бүлийн хүчирхийллийг хэдий чинээ эрт таньж таслан зогсоож чадна, тэр хэмжээгээр учирч болох хор хөнөөлөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалж чадна.      

-Хэрэг гарах болсон түүх, шалтгааныг онцлож үздэггүй хуульч, шүүгчдийн арга барилыг өөрчлөх цаг болсон юм шиг. Ер нь ийм хандлага мөрдөн байцаагч, шүүгчдийн мэдлэг, ёс суртхуунаас хамаардаг гэж үзэж болох уу?

-Хуулийн байгууллага, хуульчид хүчирхийллийн хэргийг шалгахдаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлд нь анхаархаасаа илүүтэй хамгийн сүүлийн үйлдэл, хор уршигт хөтлөгдөх хандлагатай байдаг. Үүнийг би буруу хандлага гэж боддог.

Гэр бүлийн гишүүнийхээ амийг хөнөөсөн, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг шалгахдаа тухайн гэр бүлд хүчирхийллийн харилцаа байсан эсэх, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх, хэрэгт холбогдогч ямар амьдралыг туулсан бэ? г.м асуудлыг маш нарийн шалгах шаардлагатай. Ер нь хүнийг хүн гэдэг талаас нь харж, хандаж чадахгүй, үйл явдлын мөн чанар, суурь шалтгааныг ялгаж салгаж чадахгүй бол хичнээн хуульч, шүүгч, доктор байгаад ч нэмэргүй.

Бид эмэгтэйчүүдийн хорих газарт очиж, ял эдэлж байгаа эмэгтэйчүүдтэй уулзаж байсан. Яагаад гэмт хэрэг үйлдсэн талаар нь ярилцахад ерөөсөө л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Тэдний ярьснаар гэр бүл нь олон жилийн турш хүчирхийллийн харилцаатай байсан, хүчирхийлэл үйлдэгчээс гэрлэлтээ цуцлуулах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж хуулийн байгууллагад удаа дараа хандсан ч үр дүнд хүрээгүй  юм билээ.

Хүчирхийлэгчийг баривчилдаг ч зан үйл нь өөрчлөгддөггүй, эрүүлжүүлдэг ч маргааш нь мөнгө төлж авдаг, торгохоор торгуулийн мөнгийг нь хохирогч төлдөг гээд гэр бүлийг нь давхар хохироодог. Өрөөр хэлбэл, манай хуулийн тогтолцоо хохирогчийн эсрэг ажилладаг учир хувиараа арга хэмжээ авах зорилгоор гэмт хэрэг үйлдэх аргыг сонгосон байдаг. Уг нь гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлж, таслан зогсоож чадах юм бол хэн нь ч хэрэгтэн, хохирогч болохгүй шүү дээ. Эрт шатанд нь үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүйн улмаас гэр бүл салах, хүүхдүүд өнчрөх, эсвэл хэн нэгэн нь амиа хорлох ч юм уу, амь насаа алдах зэрэг эмгэнэлтэй үр дагаварт хүрч байна.

-Тэгвэл нуугдмал байдаг гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэхэд юу саад болж байна вэ?

-Хүмүүст мэдлэг, мэдээлэл шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм, гэр бүл дотор болдог маргаан хүчирхийллээс юугаараа ялгаатай юм, ердийн харилцаатай гэр бүл хүчирхийллийн харилцаатай гэр бүлийн ялгаа, хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй бол хаана, хэнд хандах вэ? гээд наад захын мэдлэгийг түгээх нь чухал. Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх нь хүчирхийлэгчийг өөгшүүлдэг юм шүү. Тийм учраас хуулийн байгууллагад мэдээллэж байгаарай, таны өгсөн мэдээлэл хүний амь насыг аврах болно шүү гэдгийг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй. Ер нь мэдээллэснээр гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлж, таслан зогсоох боломжтой. Мэдээлэгчийн нууцлалыг хамгаалах асуудлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой заасан.

Нөгөө талаас хэлэхэд бид хүүхдүүддээ бага балчраас нь хүмүүжил, ёс суртахууны эерэг хандлагуудыг төлөвшүүлэх ёстой. Уур нь хүрээд байвал хэн нэгнээ шууд бариад цохихгүй, доромжлохгүйгээр асуудлаа шийдэх ухамсар, ур чадварыг ясли, цэцэрлэгийн наснаас нь суулгах хэрэгтэй байгаа юм. Орон нутагт гэр бүлийн хүчирхийллийг байх ёстой зүйл гэж үзэх хэвшмэл хандлага байсаар байгаад харамсдаг. Тухайлбал, Нөхөртөө хутгалуулсан нэг эмэгтэй бидэнд хандсан юм. Эмэгтэйг нүүрэндээ байнга шарх сорвитой явдгийг сумын иргэд мэддэг ч тоодоггүй, бүүр дасал болчихсон байсан гэдэг. Тэрээр орон нутгийнхаа  цагдаа, шүүхэд хандсан ч нөхөр нь цагдаа учир хэрэг үүсдэггүй байсан тул хаана, хэнд хандахаа мэдэхгүй хүнд байдалд орсон байдаг.

Жендэрийн тэгш бус байдал гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна

-Хүчирхийлэлд өртдөг болон үйлдээд байгаа хүмүүсийн боловсрол, нас, хүйсийн ялгааг хэлж өгнө үү?

-Ер нь бүрэн дундаас дээд боловсролтой хүмүүс хүчирхийлэл үйлдэж байна. Хүчирхийлэлд өртөгчдийн 60-аас дээш хувь нь дээд боловсролтой хүмүүс, хохирогчдын 92 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Тиймээс жендэрийн тэгш бус байдал гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Айл, гэр бүлүүд охидуудаа боловсролтой болгоход илүү анхаарч, хөвгүүдээ сургах асуудалд хайнга ханддаг. Үүнээс болж гэр бүлд боловсролын ялгаа, зөрчилтэй асуудал үүсч байна.

-Ингэхэд гэр бүлийн хүчирхийллийг яаж таслан зогсоох вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг өөгшүүлдэг нийгмийн хандлага. Хүчирхийллийг таслан зогсоохын тулд эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг өөгшүүлдэг нийгмийн хандлагыг өөрчлөх цаг болсон. Гэр бүл бол хүний амар тайван, аюулгүй байх орчин. Энд хэн нэг нь өөртөө давуу байдал тогтоох, эрхшээлдээ оруулах зорилгоор нөгөөгөө байнга хянаж, дарамталж, эрх чөлөөнд нь халдаж байгаа нь байж болшгүй зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн хувь хүний асуудал бишээ. Нийгэмд учруулдаг хор уршиг нь асар их. Наад зах нь л тэнэмэл хүүхдийн тоо нэмэгдэх, хүнд ноцтой гэмт хэргийн гаралт ихсэх, тэр хэмжээгээр татвар төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдах гээд улс үндэстнийг ядуурал руу чирдэг муухай үзэгдэл юм. 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсооход хувь хүнээс эхлүүлээд УИХ хүртэл байгууллага, иргэдийн оролцоог тодорхойлсон. Энэ нь цэвэр урьдчилан сэргийлэх хууль юм.

 -Таны бодлоор нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд юунд анхаарах ёстой вэ?

-Урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан руу чиглүүлж, хүн бүхэнд хүрч  ажиллах шаардлагатай байгаа юм. Сургуулиуд хүүхдүүдэд тоо, монгол хэл, уран зохиолын хичээл заахаас биш аав ээж, ах эгч, найз нөхөдтэй яаж харилцах вэ гэдэг талаар мэдлэг олгохгүй, хүүхдийг хүн болгож бэлтгэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд урьдчилан сэргийлэх гурван түвшний стратегийг тусгасан.

1-рт хувь хүн, гэр бүлд чиглэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс өмнөх урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үүнд: сургуулийн өмнөх болон бүх шатны сургалтын хөтөлбөрүүдэд аливаа зөрчилдөөнтэй асуудал гарч ирвэл хүчирхийллийн бус аргаар яаж шийдвэрлэх вэ г.м чадварыг олгоход шаардлагатай сургалтын хөтөлбөр боловсруулж нэвтрүүлнэ. 2-рт гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, үйлчилгээ үзүүлэх, 3-рт нөхөн сэргээх зэрэг юм.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хамтарсан багууд хүчирхийллийн харилцаатай айлуудыг судалж, илрүүлээд, нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Хаана, хаана ямар гэр бүлтэй ажиллах шаардлага байна вэ гэдгээ тогтоож, ажиллана. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийж чадвал гэр бүлийн хүчирхийлэл буурна.

-Одоогийн байдлаар Монголд хүчирхийллийн харилцаатай хичнээн гэр бүл байдаг юм бол?

-Манай улсад 885600 өрх байна. Нийт гэр бүлийн 68.4% нь зөрчил маргаантай гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, хүчирхийлэл, маргаан хоёр ялгаатай. Гэр бүл болгонд зөрчилдөөнтэй асуудал гардаг. Энэ зөрчилдөөнөө яаж шийдэж байна вэ гэдгээрээ ялгаатай.

-Манай улсад хариуцлага, шударга ёс их алдагдсан. Цаашид шударга, хүчирхийлэлгүй нийгэм байгуулахын төлөө монголчууд, Засгийн газартаа хандаж та ямар асуудал дэвшүүлмээр байна вэ?

-Нийгмийн сэтгэл зүй их гэмтсэн байна. Монгол хүний өөрийн үнэлэмж нилээд доогуур болжээ.Төрөөс явуулж байгаа бодлого хүндээ хүрэхгүй байна. Уг нь иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй  орчинд амьдрах боломжийг хангахын тулд төр байдаг. Төрөөс хийж буй ажлыг харахад хүний төлөө биш, дүр үзүүлсэн байдагт би их эмзэглэдэг. Харин хүчирхийллийн талаар зөвлөхөд хүн бүр гэр бүл, найз нөхөд, хөндлөнгийн хүнтэй ч тулгамдаад байгаа асуудлаа зөвшилцлийн аргаар, эвийн журмаар шийдээд сурчихвал заавал зөрчилдөх, тэмцэлдэх, салж сарних, шийтгэл, хариуцлага хүлээх асуудал үүсэхгүй шүү дээ. Засгийн газрын хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг ойрын хугацаанд баталж, хариуцлагатай хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн төр, засгаас хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудаа дэмжиж, хамтарч ажиллаасай гэж боддог.  

Ярилцсан Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу