2018 ОНЫ 4-Р УЛИРАЛД ИНФЛЯЦИЙН ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛАН ЦАЛИН НЭМЭХЭЭР ОУВС-ТАЙ ТОХИРОЛЦЖЭЭ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсныг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа танилцуулгадаа онцолсон юм. Засгийн газар татварын орчинг шинэчилж, хялбар энгийн болгох, шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодруулж байлаа.Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын үндсэн цалингаас гадна олгох урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.
Засгийн газар энэ онд нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ОУВС-тай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг зөрчихгүйгээр 100 хувь олгох боломжийг судалж буйг ажлын хэсгийн гишүүд дурьдлаа. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2018 оны дөрөвдүгээр улиралд инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх талаар ОУВС-тай тохиролцоонд хүрсэн байна. Мөн 2019, 2020 онд тэтгэвэр, тэтгэмжийг мөн инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр төлөвлөөд байгаа гэлээ.

Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу