Бо.Гэрэлт: Дүрслэх урлаг бол улс, үндэстэнд хязгаар байхгүй гэдгийг харуулж байна

“Norphie” арт галерейн танхимд  “Нэг бүс, нэг зам” Өвөрмонгол-Монголын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн тавдугаар сарын 14-ний өдөр нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэнд ӨМӨҮО-ны Тонг Ляо хотын Үндэсний Их сургуулийн Уран зургийн дээд сургууль, СУИС-иын Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн 50-иад уран бүтээлч багш нарын 60 орчим бүтээлүүд дэлгэгджээ.Уран бүтээлийн үзэсгэлэнгээс уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, уран дархан, график дикайн, хятад зураг гэх мэт дүрслэх урлагийн олон төрлүүдийг нэг дор үзэх боломжтой юм.

Хоёр орны хамтарсан үзэсгэлэнд Өвөрмонголын Үндэстний Их сургуулийн Уран зургийн дээд сургуулийн захирал Бо.Гэрэлт, захиргааны дарга Чан Чин, хятад зураг онолын тэнхимийн эрхлэгч Гэрэл, Уран зургийн суурь тэнхимийн эрхлэгч Жан Нин (Chang Ching),Компьютер график дизайны тэнхимийн эрхлэгч Хан Жин Шан (Han Ji Xian), Бар зураг, баримлын урлагийн тэнхимийн эрхлэгч Жин Бао Жун (Jin Bao Jun), Усан будгийн багш Жан Шу Гуан (Zhang Shu Guang) нар хүрэлцэн ирж, оролцсон юм.

Дүрслэх урлагаар дамжуулан Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын сургуулийн уран бүтээл, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, инновацийн ажлыг өндөр түвшинд гаргах зорилготой юм. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцан мэдлэг туршлагаа солилцох, дүрслэх урлагийн чиг хандлага бүхий төсөл хөтөлбөрүүдийг  “Нэг бүс, нэг зам” сэдвийн хүрээнд гүнзгийрүүлж хэрэгжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааны үр дүн харагдаж байна гэж зохион байгуулагчид хэлж байлаа. Тус үзэсгэлэн 2018.05.20 хүртэл үргэлжилнэ.

СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС, ӨМӨЗО-ны Тонг Ляо хотын Үндэстний Их Сургуулийн Уран зургийн Дээд Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулаад хоёр жил болж байна.

Энэ хугацаанд хэд хэдэн ажлуудыг амжилттай гүйцэтгээд байна. Тухайлбал: Нарийн мэргэжлийн сургалт, арга зүйн туршлага солилцох хүрээнд Багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улиралд Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн Зураасан зургийн тэнхимийн багш Б.Сүхболд ӨМӨЗО-ны Тонг Ляо хотын Үндэстний Их Сургуулийн Уран зургийн Дээд Сургуулийн бар зураг, баримлын урлагийн тэнхимд модон барын сургалт, судалгааны ажлаар, мөн энэ хугацаанд ДДУС, ӨМӨЗО-ны Тонг Ляо хотын Үндэстний Их Сургуулийн Уран зургийн Дээд Сургуулийн уран бүтээлч багш нарын “Нэг бүс, нэг зам” хамтарсан үзэсгэлэнг Тонг Ляо хотод амжилттай зохион байгуулсан.

2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд Тонг Ляо хотын Үндэстний Их Сургуулийн Уран зургийн Дээд Сургуулийн бар зураг, баримлын урлагийн тэнхимийн эрхлэгч Жин Бо Жун Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн График дизайны тэнхимийн зураасан зургийн ангид сургалт судалгаан дээр ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Өвөрмонголын Үндэстний Их сургуулийн Уран зургийн дээд сургуулийн захирал Бо.Гэрэлттэй ярилцлаа.

-Сүүлийн жилд Хятад-Монгол хоёр улсын соёлын харилцаа өргөжиж байна. Соёлын солилцооны хүрээнд өвөрмонголчууд, монголчуудын харилцаа их ойртлоо. Ялангуяа дүрслэх урлагийн салбарт хамтын ажиллагаа өргөжиж, өнөөдөр үзэсгэлэнгээ нээлээ. Та энэ талаар сэтгэгдлээ хуваалцна уу?

-“2013 оноос БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин Монгол-Хятадын соёлын харилцааг дэмжин ажиллаж байгаа. Манай өвөрмонголчууд монголчуудтай дүрслэх урлагийн салбарт их сайхан харилцаатай болсноор энэ удаагийн дүрслэх урлагийн хамтарсан үзэсгэлэнг нээж байна.

Өвөрмонголын Үндэстний Их сургуулийн Уран зургийн дээд сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл энэхүү үзэсгэлэнд өөрийн бүтээлээ сонирхуулж, хоёр орны хамтын дүрслэх урлаг, соёлын харилцаанд хувь нэмрээ оруулъя гэж бодож байна. Энэ бол манай Дундад улсын “Нэг бүс, нэг зам” ажлын хүрээнд монголчуудтай хамтарч бүгдээрээ аж ахуй, соёлоо хөгжүүлъя гэсэн бодлогод нэгдэж байна.

Бо.Гэрэлтийн бүтээл

-Ардчилсан нийгмээс өмнө өвөрмонголчууд монголчуудтайгаа уулзаж, учирдаггүй байсан. Нэгэн үед өвөрмонгол, монголчуудын харилцаа их хол байлаа. Одоо та бүхэн монголчуудтайгаа уулздаг болсноос хойш ямар сэтгэгдэл төрдөг болсон бэ?

-Өвөрмонгол, монголчуудтай уулзаж, ойр харилцаатай болсноос хойш сэтгэл маш халуун ,өндөр байна. Би өмнө нь хоёр удаа Монголд ирсэн. Манай багш, оюутнууд ч мөн сэтгэгдэл их өндөр байдаг. Бид хамтын хүчээр уран зургийн соёлоо хөгжүүлж явбал их таатай байна гэж боддог. Дүрслэх урлаг бол улс, үндэстэнд хязгаар байхгүй гэдгийг харуулж байна. Бүгдээрээ гоё сайхны төлөө, аж амьдралаа дүрсэлж, хамтдаа чармайж явбал бидний хойч үе, залуу оюутнуудад нэн сайн болно. Тэгэхээр дүрслэх урлагт ч, мөн аль ч талаар хамтарч, хөгжвөл баяртай байна.

Сурвалжилсан Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу