ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН АЛС ДОРНОДЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ЕТГ болон Засгийн газрын холбогдох яамд байгууллагууд, аж ахуйн  нэгжийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг энэ сарын 9-13-нд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажиллав.
 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Владивосток хотноо ОХУ-ын Приморын хязгаарын Амбан захирагч А.В.Тарасенкотой уулзаж, Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов. Талууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг олон салбарт гүнзгийрүүлэх боломж буйг тэмдэглэв.
 
Төлөөлөгчид мөн өдөр ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яам, Приморын хязгаарын Засгийн газрын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, тухайлбал Монгол Улс транзит тээврийн зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудыг ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
 
Дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 11-ний өдөр тус бүс нутаг дахь “Восточный”, “Вера” зэрэг нүүрс тээврийн боомтуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцав.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу