УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоол, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай болон Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл, Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцэж, “Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явцын талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус болох юм.

Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу