ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД НЭГДЭНЭ

Аймгийн хууль хяналтын байгууллагуудын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд талуудын оролцоо” сэдэвт нэгдсэн зөвлөлгөөн энэ сарын 10-ны өдөр боллоо.
Зөвлөлгөөнийг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Гэмт хэрэгт өртөж, холбогдсоноор сэтгэл зүйн болоод эд материалын асар их хохирол учруулдаг. Тиймээс хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэний дараа биш үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь юу юунаас чухал юм” гээд зөвлөгөөнөөс гарсан санал, санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсэв.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил нь зөвхөн цагдаа, хууль сахиулагчдын ажил гэж ойлгох нь өрөөсгөл. Хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийг оролцоог хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бүрэн үр дүнд хүрнэ” гэдгийг зөвлөлгөөнд оролцогчид хэлж байлаа.
Зөвлөлгөөний төгсгөлд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль тогтоомж сурталчлах, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор "Санамж бичиг" байгуулав.

Б.Батчимэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу