Эдийн засгийн хямралтай үед банкууд л ашигтай ажилладаг

Ерөнхий сайд уулзалтад ирсэн төлөөлөгчдөд хандаж Өнгөрсөн онд ашигтай ажилласан ганц салбар бол банк санхүүгийн салбар юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан бусад бүх салбар алдагдалтай ажилласан. Өмнө нь надтай уулзсан аж ахуй нэгжийн төлөөлөл нэг л зүйлийг гол төлөв ярьж байсан. Юу вэ гэхээр Монголд банк, санхүүгийн байгууллага дангаараа ноёрхож байна гэдэг. Бидэнд учирч буй дарамт их байна гэдэг. Явуулж байгаа үйл ажиллагаанаас хамааралтай салбарын онцлог гэж байдаг. Харилцан бие биенээ ойлгож, хандах хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлд хамрагдахын тулд иргэд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлдөг. Гэтэл банк энэ мөнгөө хаанаас олсон юм бэ гээд хуулийн байгууллага шиг шалгаад байдаг. Тэр хүн өөрөө тодорхой хэмжээгээр эх үүсвэр босгоод, тушааж байхад хаанаас олж авчирсан нь банкинд хамааралгүй баймаар юм. Энэ мэт хүндрэл байна. Тиймээс эрх зүйн орчныг сайжруул гэсэн санал хүмүүсээс гардаг. Цаашид хөрөнгө, санхүүгийн зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв.

Уулзалтад ирсэн банк, санхүүгийн төлөөлөгчдийн байр суурийг хүргэе.

ХАС банкны ТУЗ-ын гишүүн М.Болд: “Зээлийн хүүнд суутгах татварын 10 хувийг тэглэх нь зүйтэй”

-Мөнгөний бодлогыг нэмэгдүүлэх нь туйлын сөрөг дагавар авчирна гэж бодож байна. Хоёрдугаарт, гаднаас зээл орж ирэхэд зээлийн хүүнд суутгах татвар ногдуулдаг. Одоогоор 10 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах үр дагавартай юм. Тиймээс энэхүү 10 хувийн татварыг тэглэх нь зүйтэй. Нөгөө талаар зээлийн хүүг бид боломжоороо буулгахын тулд харилцах данс, хугацаагүй хадгаламж дээр хүү төлнө гэдгийг болиулах ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд Монголбанк, Засгийн газартай харилцан ярилцаж, дүрэм журмаар шийдэж болно гэж бид үздэг. Заавал хууль гаргах шаардлагагүй юм. Хэрэв ингэж шийдэж өгвөл зээлийн хүүг нэг, хоёр пунктээр бууруулах боломжтой.


Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч: “Системийн хэмжээнд найман их наяд төгрөгийн хадгаламжтай, 12 их наяд төгрөгийн зээлтэй байна”

-Арилжааны банкны хүү өндөр байна гэдэг. Гэхдээ хадгаламжийн хүү буурвал зах зээл нь тодорхой болдог. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар системийн хэмжээнд найман их наяд төгрөгийн хадгаламжтай, 12 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үндсэндээ Монгол Улс дотоодын эх үүсвэр хуримтлал багатай. Ийм үед хуримтлалыг дэмжих бодлого явуулж байж зээлийн хүү буурна гэдгийг ойлгох ёстой. Тэгэхгүй бол арилжааны банк руу хэт дайраад өндөр хүү тогтоож байна гэдэг юм яриад байдаг. Банкууд хүү тогтоодог нь үнэн. Гэхдээ бусад эрх зүйн зохицуулалтаар гарч ирсэн үр дагавруудыг бид хүүгээр торгоодог гэдгийг хэлмээр байна.


ХААН банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Р.Мөнхтуяа: “Сэргэлэн хүмүүс бол нэг төслөөс нөгөө төслийн зээлд шилжээд яваад байдаг”

-Бид төр засгаас ойлгомжтой ил тод байдлыг хүсдэг. Аливаа бизнесийн төлөөлөл нь дотооддоо жижиг асуудлаа яриад болчихдог. Засгийн газраас хэтэрхий их төсөл хөтөлбөрийг явуулахгүй байвал зүгээр байна. Банкууд өөрсдийн эрсдлийг тооцоолоод эх үүсвэрээ хуваарилдаг. Гэтэл макро түвшинд очих хэмжээний жижиг төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байхаар банкуудын бий болгож байгаа бодит зах зээлийг эвдэх хандлагатай байна. Томоохон, дэмжих ёстой нэгжүүдээ дэмжээч. Өөрөөр хэлбэл, арилжааны банкийг татаж оролцуулахгүйгээр Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөр дамжуулан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээч гэж хүсмээр байна. Сүүлийн үед төсөл хөтөлбөрүүдийг дугаарлаад үзэхээр 27 төсөл зэрэг хэрэгжиж байна. Сэргэлэн хүмүүс бол нэг төслөөс нөгөө төслийн зээлд шилжээд яваад байдаг. Үүнийг анхаарч өгөөч.

Хоёрдугаарт, Иргэний бүртгэл мэдээллийн төвд байдаг мэдээллээс боломжит хэмжээнд хүртэлх өгөгдлийг банкуудад дамжуулаач. Яагаад гэвэл манай банкны хувьд нэг сая 800 мянган харилцагчтай. Эдгээр иргэний мэдээллийг үнэн зөв оруулах асуудал ээдрээтэй байдаг. Тиймээс л Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа иргэдийн мэдээллийг ашиглавал жижиг зээл шийдэхэд дөхөм болно.


Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд: Эрэлтээ нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар бариач”

-Засгийн газар нийт эрэлтээ нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Орон сууцны зээл 80 ам.метрээр хязгаарлагддаг. Үүнээс дээш ам.метр орон сууц авах хүсэлтэй иргэд арилжааны зээлд хамрагддаг. Бид нийт эргэлтээ нэмэгдүүлэх гэж байгаа бол ам.метрыг тодорхой түвшинд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, залуу гэр бүл урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй гэж ярьдаг. Үүнийг шийдвэрлэх гарц нь Зээлийн батлан даалтын сан байх ёстой. Одоогоор Зээлийн батлан даалтын сан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Тус сан зөвхөн жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажиллахаас гадна анх удаа орон сууц авч байгаа иргэдийг дэмжиж ажиллах, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд батлан даалт гаргаж ажиллавал орон сууцны эргэлт нэмэгдэх хандлагатай.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу