Эрүүгийн хуулийг хойшлуулж байгаа нь Н.Энхбаяртай холбоотой юу

Ирэх 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хуулийн төсөл өргөн барина гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгахаар ярилцаж буй МАН-ын Засгийн газар хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажил хийнэ хэмээн тайлбарлаж буй юм. Гэхдээ үүний цаана улс төрийн өөр нэгэн шалтгаан байж болохыг үгүйсгэхгүй юм.

Эрүүгийн хуулийг хойшлуулж байгаа нь Н.Энхбаяртай холбоотой юу

Түгээх    
 
2016-08-09 08:38:21 - Улс төр

Ирэх 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хуулийн төсөл өргөн барина гэдгийг Засгийн газар мэдэгдсэн.

Хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгахаар ярилцаж буй МАН-ын Засгийн газар хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажил хийнэ хэмээн тайлбарлаж буй юм. Гэхдээ үүний цаана улс төрийн өөр нэгэн шалтгаан байж болохыг үгүйсгэхгүй юм.

Тодруулбал, дээрх хуулиуд ирэх сараас хэрэгжиж эхэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тоооцох хугацаа дуусгавар болно. Ингэснээр Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нээлттэй болох юм. Нэр дэвшсэн тохиолдолд Н.Энхбаяр МАН-ын нэр дэвшигчийн саналыг тодорхой хэмжээгээр хуваана. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэлээдгүй том байр суурь эзэлнэ. Тиймээс МАН-ынхан Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй “хааж” уг хуулийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар хэрэгжүүлэхээр ярилцаж буй бололтой.

Хэрэв энэ яриа үнэн бол Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хүлээж байгаа хүмүүс цаг, хугацаа, бие сэтгэлээрээ дахиад хохирох болох нь.

Шинэ хуулиар одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог болсон. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг нэг шугаманд тавьснаар гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон байна.

Мөн онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэж нэрлэн заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, Тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулаагүй. Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халж гэмт хэрэг тус бүрд нь ял оноохоор хуульд тусгасан юм.

Түүнчлэн хуульд ялын төрлийг дараах байдлаар тусгажээ. Үүнд:

Уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ялыг шинээр нэмэж, Монгол Улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан. Одоо хэрэглэж байгаа баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг тэнсэх боломжгүй, харин гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор заасан.

Торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг өөрчилж, “хоёр мянган төгрөг”-тэй тэнцэх “нэгж” гэсэн хэмжигдэхүүнээр тооцохоор болсон. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Улсын Их Хурал ч, Засгийн газар ч тогтоодоггүй, харин Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орох боломжтойгоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд хуульд заасан илтгэлцүүр өөрчлөгдөж, хуулийг зүйл, заалт бүрээр өөрчлөлт оруулах шаардлагатай болох учраас тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “нэгж” гэдэг илтгэлцүүрийг авсан байна. Ханшийн өөрчлөлт гарсан, инфляц үүссэн тохиолдолд Улсын Их Хурал зөвхөн “нэгж”-ийг хэдэн төгрөгтэй тэнцүүлэх вэ гэдгээ эргэж харахаас өөрөөр хуулийн зүйл, заалт болгонд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй юм байна.

Ж.МАРАЛ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу