Долларын ханшийн өсөлтөөр зөрүү гаргаж авах гэж байна гэв

Ноён долларын ханш түүхэн дэх хамгийн дээд цэгт хүрч8 улс орны эдийн засаг хүндхэн болж байгаа талаар хэвлэлүүд бичсээр байна. МАН-ыг засаг авахад 1930 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар “Найман шарга” зах дээр өчигдөр 17:00 цагийн байдлаар 2165 төгрөгт хүрчээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн суудалд суугаад удаагүй байгаа Н.Баяртсайханы хариуцлагагүй мэдэгдэл ноён долларын ханш өсөхөд ташуур болсон тухай иргэд ярьж байна. Тэрээр “Монгол улсын валютын нөөц хасах /429/ сая ам.доллар байна” гэсэн мэдэгдлээрээ ам.долларын ханшын өсөлтийг богино хугацаанд шууд бий болгосон тухай ченжүүд хэллээ.

Өчигдрийн байдлаар нийслэлийн лавлах утсанд ирсэн дуудлагын ихэнх хувийг долларын ханш, валют арилжааны цэгүүдийн утасны дугаар, доллар хайсан хүмүүсийн цуваа эзэлсэн гэж байна. Үнэхээр зарим банкууд ам.долларын арилжаагаа зогсоожээ.

Бид энэ тухай сурвалжлахаар Найман шарга захыг зорьсон юм. Найман шарга орчимд валют солих зарим төвүүд хаалгаа барьсан байлаа. Ойр хавийн хүмүүсээс асуувал “Ам.долларын ханш хэт өссөнтэй холбоотойгоор эрсдэл хүлээхээс татгалзсан иргэд ийн хаалгаа түр барьсан” гэв. Захын ойролцоох Голомт, Капитрон, Капитал банкууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан. Гэвч ченжүүдийн хэлж байгаагаар “Хэдийгээр самбар дээр үнээ бичсэн боловч хэдэн цаг болоод л ам.долларын арилжаагаа түр зогсоочихож байна лээ” гэсэн юм.

Валютын ченж Т.Л, А.М нараас цөөн тодруулга авсан юм. Тэд энд өдөржингөө зогсож байгаа ч жирийн өдрүүдийнхээс хөл хөдөлгөөн, арилжаа наймаа муу байгаа гэж яриагаа эхэлсэн юм. 

 

-БАНК АВАХГҮЙ, ЗАРАХГҮЙ БОЛ БИД ДЭЭШ НЬ ӨРГӨӨД Л АВЧ, ЗАРНА ШҮҮ ДЭЭ- 

-Доллар яг одоогийн байдлаар хэдэн төгрөгийн ханштай байна вэ?

-Банк 2148 төгрөгөөр зарж байна. Гэхдээ яг одоо самбар харвал 2160 төгрөгөөр аваад 2165 төгрөгөөр зарахаар байна. Зарим банкууд гэвч доллар худалдаж авахгүй, зарахгүй байгаа тохиолдолд мэдээж бид дээш нь өргөөд л аваад, зарчихна шүү дээ.

-Хэзээнээс ингээд өсөөд эхэлчихэв ээ?

-Сонгуулиас хоёр хоногийн өмнөөс эхлээд бага багаар өссөөр өнөөдөр ийм өндөр үнэтэй болчихлоо. Худалдан авч байгаа хүмүүс мэдээж маш их уур бухимдалтай байгаа. Уурлаж байгаа хүмүүс бид өсгөчихсөн юм шиг л бухимдалтай байна. Бизнес хийдэг хүмүүс, гадаадад сурдаг үр хүүхэддээ мөнгө явуулдаг хэдэн хүмүүс л ядарч байх шиг байна лээ дээ.

-Ханшийн өсөлтийг та бүхэн юутай холбож тайлбарлах вэ?

-Олон шалтгаан байгаа ч сая Сангийн сайдын хэлсэн үг нөлөөтэй шүү дээ. 400 хэдэн сая төгрөгийн алдагдалтай байна гэхээр хүмүүсийн сэтгэл санаа шууд л өөрчлөгдөнө шүү дээ. Ер нь долларын ханшын өсөлтөөр зөрүү гаргаж авах гээд л байгаа юм биш үү? Та бидний амьдрал ч биш нийт Монголын ард түмний амьдралд нөлөөлж байна гэдгийг огт ойлгохгүй байгааг нь гайхаж байна. Энэний өсөлтийг чинь бид мэдэхгүй шүү дээ. Цаад яам тамгын газартай нь л ярих хэрэгтэй. Бид үүнээс илүү тайлбарлаж чадахгүй. 

-Хүмүүсийн хөл хөдөлгөөн хэр их байна вэ?

-Уг нь ирэх л юм. Доллар байна уу? Энд байна л гэж байна гээд сураглаад ирнэ. Хэлсэн үнийг сонсоод гайхаад буцчих юм. Биднийг л луйвар хийх гээд байна гэж бодоод байна уу? Мэдэхгүй. Ирчихээд л үнийг нь сонсоод буцаад явчих юм байна шүү дээ. Мэдээж авах ч хүмүүс цөөнгүй байгаа ч арилжаа наймаа муу л байна.

Ийнхүү доллар өссөнөөр банканд сар бүр 100 долларын зээл төлдөг байсан иргэн 193.000 төгрөг төлдөг байснаа 216.000 төгрөг төлдөг болсон гэсэн үг юм. Эдийн засагт ийнхүү ноцтой нөлөөлсөн мэдэгдлийн дараагаар Монгол улс дефолт зарлаж байгаагаас ялгаагүй мэдэгдлийг олон улсад нээлттэй хийсэн.

Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдээлэлдээ Монгол улсын дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн өсөлт, мөнгөний нийлүүлэлт, банкны системийн эрсдэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг улс орны эдийн засгийн ирээдүйтэй холбоотой олон чухал мэдээллүүдийг гадны улс орнуудын анхаарлын төвд “шидлээ”.

Ингэснээр өчигдрийн байдлаар олон улсад Чингис бондын ханш огцом унасаныг доорх графикаар дамжуулан харуулсан нь цахим ертөнцөд тараад байна. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу