Таван сартай жирэмсэн эмэгтэйг хүчтэй унасны улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гариг буюу есдүгээр сарын 8-ны өдөр, Баянгол дүүргийн 14-р хорооны 11-р байранд оршин суух, 35 настай, эмэгтэй толгойдоо гэмтэл авч, Яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очсон байна. Хохирогч Б тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад зодуулснаасаа гурав хоногийн дараа нас баржээ.

Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нас барсан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй, тав дахь хүүхдээ тээж байжээ. Талийгаач Б-г нас барсан хэрэгт холбогдуулан түүний нөхрийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Талийгаач эмэгтэй нь 4-6 насны гурван хүү, нэг охинтой. Хоёр том хүүхэд нь талийгаач эмэгтэйн дагуулж ирсэн хүүхдүүд байсан гэх мэдээлэл байна. Одоогоор хүүхдүүдийг талийгаач эмэгтэйн нөхрийн эгч гэх эмэгтэй асарч байгаа ажээ.

Энэхүү хэргийн талаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Уламбаяр “Есдүгээр сарын 8-нд тус гэр бүлд маргаан гарч, нөхөр нь эхнэртээ гар хүрсэн. Үүнээс үүдэн эхнэр нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэвч эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа буюу есдүгээр сарын 10-ны шөнө дундын үед орноосоо хүчтэй унасан. Одоогоор талийгаачид шүүх эмнэлгийнхэн задлан шинжилгээ хийж байгаа. Тиймээс зодуулснаас болж нас барсан уу, хүчтэй унаснаас болж нас барсан уу гэдгийг хэлэхэд эрт байна. Хэрэг гарснаас хойш нөхөрт нь бусдын амь насанд санаатай хүрсэн байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж, шалгаж байна” гэсэн юм.

-ЭМЧ НАРЫГ ОЧИХОД ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙГ НӨХӨР НЬ ТҮШЭЭД ЗОГСОЖ БАЙЖЭЭ-

Эмэгтэйг нас барсан өдөр түүний нөхөр эмнэлэгт сахиж байсан гэх ба шөнө дунд ямар нэг юм хүчтэй унах чимээ гарчээ. Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар очиход талийгаач эмэгтэйг нөхөр нь түшээд зогсож байсан аж. Одоогоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс “Талийгаач эмэгтэйн хүчтэй унасны улмаас нас барсан” гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Эцсийн хариу нь хуулийн хугацаанд буюу 14-30 хоногийн дараа гарах юм байна.

Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, есдүгээр сарын 8-ны өдөр талийгаач Б нь нөхөртэйгөө муудалцсаны улмаас найзуудтайгаа уулзаж, гэртээ ирж хоноогүйгээс үүдэн гэр бүлийн маргаан гарч, нөхөр нь эхнэртээ гар хүрчээ. Мөн маргаан гарах үед гэр бүлийн хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бололтой.

Талийгаач эмэгтэй айлын ганц охин, нөхөр нь эхнэрээ удаа дараа зоддог байсан гэх мэдээллийг тус байрны оршин суугчид хэлж байна. Харин нас барсан эмэгтэйн оршин суудаг байсан хорооны удирдлагууд “Нас барсан эмэгтэйг нөхөртөө зодуулж нас барсан хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Шийдвэр нь бүрэн гараагүй байгаа хэрэг. Буруу ташаа мэдээлэл нийгэмд цацвал үлдэж байгаа дөрвөн хүүхэд эхгүй, дээрээс нь алуурчны хүүхэд гэж насаараа дуудуулж болзошгүй. Өмнө нь дээрх айлд гэр бүлийн маргаан гарч байсан. Хүчирхийллийн хэлбэр байсан. Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг сунгаагүй бол эмэгтэй нөхөртөө зодуулахгүй байж болох байлаа. Удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж болох байсан” гэв.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу