Чоно эдийн засгаар монголчуудаа баяжуулах цагаан мөрөө тамгалав

“Чоно эдийн засаг” гэж тамгалсан Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанхуяг Монголын эдийн засгийн “чонон сүлд” болох оргил руугаа алхаж байна.

Тус компани нь 2005 оны 9 дүгээр сард анх үндсээ соёолуулан Монголын анхдагч институционал хөрөнгө оруулагчийн үндэс суурийг байгуулсан түүхтэй юм. Энэхүү компани нь өдгөө бие дааж, 2 тэрбум төгрөгийн болон 1 сая долларын бондыг зах зээлд гарган, хаалттай арилжаалжээ. Ийнхүү 2017 оноо 3000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж өргөжиж, ноогдол ашиг, урам зориг, амжилтаар баялаг болжээ.

Энэхүү “Чоно эдийн засаг”-ийн философийн үр шим, хувь хишгийг ард иргэддээ хүртээхийн тулд Ард Санхүүгийн хувьцаа эзэмшигчид гуравхан хоногийн өмнө түүхэн шийдвэрээ гаргалаа.

 

Түүхэн шийдвэрийг гаргаж, батлахын төлөө Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Туушин зочид буудалд бүтэн өдрийн турш болж өндөрлөсөн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын танхим олон хүмүүсээр пиг дүүрсэн байлаа.

Дэвшилтэт технологи бидний амьдралын алхам бүрийг хөнгөвчилж байгаа өнөө үед санхүүгийн үйлчилгээ цогцоороо таны алганд багтах боломжийг энэхүү шийдэл бий болгоно гэж онцолж, хувьцаа эзэмшигчдийн тайлангийн хурлаа эхлүүлсэн билээ. Тус компани нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдэлсэн, ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоон мөрдөж ажилладаг нь Монгол иргэн бүрийн итгэл, хүндлэлийг “даллаж” байгааг харууллаа.

Хурлын эхэнд Ч.Ганхуяг гүйцэтгэх захирал “Манай хувьцааны тоо та бүхний анхаарлыг татах байхаа. Бид өнөөдөр 17 сая 200 000 хувьцааг эргэлтэнд оруулсан. Гэхдээ эндээсээ 2 сая орчмыг өөрсдөө худалдаж авсан. 15 сая гаруй хувьцаа та бүхний гарт эргэлдэж байна гэсэн үг. Үүнийг бид зах зээлд байнгын арилжаанд эргэлдүүлж, зах зээлийн үнээр авъя гэсэн хүнд нь өгдөг. Манай хувьцаа одоохондоо хаалттай байгаа. Тиймээс бид “хувьцаагаа заръя” гэсэн хүнээс үнэ тохирч авахаас өөр арга байдаггүй.

Хөрөнгийн бирж дээр манай хувьцаа арилжаалагдаж эхлэхээр хүмүүс хувьцаагаа өгөлцөж, авалцах боломж бүрдэх юм. Хөрөнгө Оруулагч Үндэстэн буюу Жинст Увс компани нь манай компанийн зургаан хувийг эзэмшдэг.Тэгэхдээ тэр компанийн хувьцаа арилжихдаа энэ долоо хоногт хамгийн их эрэлттэй болсон. Хувьцааны үнийг тогтвортой байлгахын тулд бид өөрсдөө, мөн хувьцаа эзэмшигч хүн бүрийг хамгаалах зарчим баримтладаг.

Өнөөдөр нэг хувьцаа 2900 төгрөг байгаа. Цаашдаа өснө. Яаж өсөх талаар одоо зарлаж чадахгүй. Гэхдээ бид ноогдол ашгаа авсан. Монгол Шуудан компаниас 30 хувь, Ард Кредит компаниас 50 хувь, Ард Даатгал компаниас 50 хувь гэх мэт ашиг аваад байна. Крипто Үндэстэнд нэг тэрбум төгрөг хийсэн. Цаашдаа улирал бүрт ноогдол ашгаа аваад явна. Одоогийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл дотоодын компанитай стратегийн түншлэл гэх гэрээ байгуулсан....

Бид хувьцаа эзэмшигчдэд дарамт болгохгүй, үнэ цэнийг бий болгон, баялгийг бүтээх юм. Та бүхэн Ард Санхүүгийн Нэгдэл компанийн 2017 оны жилийн тайлантай дэлгэрэнгүй танилцаарай ” гэж тайлбарласан юм.

Дараа нь ТУЗ-ийн дарга П.Батбаяр “Бид олон улсын сайн засаглалын жишгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ямагт нэвтрүүлж ажиллаж ирсэн. Үр дүнд нь Ард Санхүүгийн Нэгдэл засаглалын хувьд Монгол Улсдаа тэргүүлэх жишиг байгууллага болсон гэдэгт эрэглэхгүй байна.

Манай ТУЗ Ард Кредит болон Ард Даатгалын ирээдүйн өсөлтийг хангах үүднээс IPO хийх асуудлыг удаан хугацаанд нухацтай хэлэлцлээ. Ард Холдингс нээлттэй компани болох ажлын хүрээнд Жинст Увс болон Хөрөнгө Оруулагч Үндэстэн компаниуд нэгдэн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа бүртгүүлэх ажлыг бид удирдан чиглүүлж, хувьцааны үний өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын хандлага, зах зээл дээрх төлөв байдлыг анхааралтай ажиглаж байна. Манай гол технологид суурилсан Финтек санхүүгийн компаниа банк гэж бид харж байгаа.” гэж хэлсэн.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд болох Ард аппликэйшн танилцуулж, асуулт хариулт, санал хураалт, тооллого явуулсан юм. Финтек компанийн зочин илтгэгч А.Сүхдорж мөн илтгэл тавьсан.

Үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгө оруулагч үндсэтэн буюу Жинст Увс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, мөн GoPay танилцуулсан. Түүнчлэн Сингапур Улсын хүндэт зочин Шон Онг Сингапурын ард иргэдийн амьдралын даатгалын сэдвээр маш сайхан мэдээлэл өгч, илтгэл тавьсан юм. Үүний дараа тооллогын комиссын тайлан, хаалт, Блокчэйн академи, Аравт клауд майнинг, Ард Базаарийн талаархи танилцуулга болон үзэсгэлэнг хувьцаа эзэмшигчид сонирхож байсан бол оролцогчдоос шинэ хувьцаа эзэмшигчид бүртгүүлж байлаа.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдсэн гол асуудлын талаар Ард Кредит компанийн гүйцэтгэх захирал Ч. Ганзоригоос тодруулахад “Бид энэ хурлаараа Ард Санхүүгийн Нэгдлийг Хөрөнгийн биржид арилжаалагддаг компанитай нэгтгэх замаар хувьцаагаа нээлттэй арилжаалдаг олон нийтийн компани болъё гэсэн том шийдвэрийг гаргалаа. Энэ үеэр ганц Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурал биш Хөрөнгө Оруулагч Үндэстэн буюу Жинст Увс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зэрэг болсон.

Хувьцаа эзэмшигчид хоёр компаниа нэтгээд Хөрөнгийн зах зээлд олон нийтийн нээлттэй компани болголоо. Үүнээс гадна хувьцаа эзэмшигчдийн хийж, бүтээж байгаа шинэлэг технологи, цахимд суурилсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэ бүтээгдэхүүнийг хувьцаа эзэмшигчид талархан хүлээж авч байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн болон Ард Санхүүгийн Нэгдэл нийлээд 3000 гаруй хувьцаа эзэмшигчид манайд байдаг. Хөрөнгийн зах зээлд бид хувьцаагаа арилжаалдаггүй ч гэсэн арилжаалагддаг компанийн хувьцаа эзэмшигчдээс илүү их хувьцаа эзэмшигчтэй болсон. Энэхүү хувьцаа эзэмшигчдийнхээ шаардлага, хүсэлтэд нийцүүлж, нээлттэй арилжаа явуулах нь бидний хийх ёстой чухал ажил байгаа юм.” гэж онцлож ярив.

Мөн түүнээс Сингапураас ирсэн зочин Онг Минг даатгалын компаниуд хувьцаа эзэмшигч, даатгуулагчийн мөнгийг өсгөж өгдөг тухай ярьсан. Тиймээс Ард Санхүүгийн Нэгдэл компани нь цаашдаа хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг нэмэгдүүлж өгөх үү? гэж асуулаа. Тэрээр “Тэгэлгүй яахав. Зарчим, зорилго нэг. Бид Монгол Улсын бүх иргэнд нээлттэй, бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг зэрэг хүргэдэг компани болж ажиллах юм. Бидний гол зорилго Монгол хүн бүрт хувьцаа эзэмшүүлэх, энэ хувьцааны өндөр үр өгөөжөөс хүртэх боломжийг олгоно.” гэж хариулсан билээ.

Ийнхүү 2018 онд Ард Санхүүгийн Нэгдлийг нээлттэй хувьцаат компани болгож, Монголын хөрөнгийн бирж дээр гаргахаар батлав. Энэхүү түүхэн шийдэл нь Ч.Ганхуяг гүйцэтгэх захирлын хэлснээр “Чоно эдийн засаг” тэнгэрийн орой руу цойлох гүүр тавигдаж эхэлснийг илтгэх шиг болов. Хурлын төгсгөлд Ч.Ганхуяг хувьцаа эзэмшигчид болон бусад бүтээгдэхүүний үйлчилгээг Зүүн бүсийн нутаг Дорнод аймгаас давлагаалуулж, Улаанбаатар хотод хөгжлийн тэсрэлтийг хийхийн төлөө хамтдаа, хүчтэй байцгаая гэж уриалж, зарласан.

Санхүү, эдийн засгийн цогц шийдлийг атгасан энэхүү хүчтэй багын алсын хараа нь Ард Кредит болон Ард Даатгал компаниудыг IPO хийх замаар олон нийтэд нээлттэй болгох зорилтыг ч ингэж дэвшүүллээ. Үүний зэрэгцээ үйл ажиллагаандаа дижитал трансформацийг хэрэгжүүлэх замаар финтек банк болох зорилгодоо хүрнэ гэж үзэж байна.

Хөрөнгийн зах зээлд Ард Санхүүгийн Нэгдэл нь хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтдаа, хүчтэй тогловол “Чоно эдийн засаг”-аар Азийн санхүүгийн хөгжлийн бар Сингапур шиг ард түмэндээ баялаг авчирах цагаан мөрөө гаргалаа.

 Сэтгүүлч Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу