Цэцэрлэгт 6000 хүүхэд нэмж бүртгэнэ

Засгийн газрын мэдээ

Цэцэрлэгт 6000 хүүхэд нэмж бүртгэнэ

Засгийн газрын мэдээ


 

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ жил нийслэлийн Боловсролын газраас хариуцан явуулна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдийг бүртгэх бөгөөд сугалаанаас өөр аргаар хүүхэд элсүүлнэ гэж албаныхан хэлжээ. Өнгөрсөн жил мөн л түвэг учруулахгүй гэсэн боловч хүмүүс хоёр, гурав хоног дугаарласан юм.

Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Мөн өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад, цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар нэмэгдүүлэх боломжтойг салбарын сайд мэдэгдлээ.

Хүүхдүүд шээсний шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвд өгнө

Үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа цэцэрлэгүүдийн орон тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн компани болон аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгосноор нэмж 6000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн сайн үйлсийн энэ аяны хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын 3000 хүүхэд хувийн цэцэрлэгүүдэд үнэгүй хамрагдсан. Уг ажил энэ хичээлийн жилд үргэлжилнэ гэв.

2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 3990 хүүхэд хүлээн авах чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах төлөвтэй байна . Мөн ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт нэг бүлгийн өрөө нэмж, одоогийн хүчин чадлыг 400-гаар нэмэгдүүлэхээр ажиллаж буй аж.

Ашиглалтгүй, сул орон тоотой ажиллаж байгаа төрийн бус өмчийн 57 цэцэрлэгт 187 бүлгийг нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадлыг 2134 ороор нэмэгдүүлэх боломжийг судалж үзнэ хэмээн албаныхан хэллээ. Улмаар төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй гэрээ байгуулж, хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын тооцоо судалгааг хийж танилцуулахыг нийслэлийн Боловсролын газарт даалгасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан албан даалгавартай холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дараах судалгааг авч байна.

Үүнд төрийн өмчийн цэцэрлэгүүд шинээр баригдаж буй болон өргөтгөлийн барилгын ажлын явц, орон тоо, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа эсэхийг багтаажээ. Түүнчлэн шинэ хичээлийн жилийн элсэлтийг сугалаагаар зохион байгуулах, эсэх талаарх саналыг албан бичгээр илгээхийг шаардсан байна. Харин хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс дангаар бүлэг нээх, эсвэл байгаа бүлэгтээ цөөн тооны хүүхэд нэмж авах боломжтой эсэх, зориулалтын дагуу баригдсан, шаардлага хангасан барилгыг түрээслэх эсэхийг судалж буй аж.

Цэцэрлэгт орж буй хүүхдүүдээс намар болгон шээсний шинжилгээ авдаг. Өнгөрсөн хавар өрхийн эмнэлгүүдээр шээсний шинжилгээ хийх тоног төхөөрөмж суурилуулан, боловсон хүчин бэлтгэсэн. Тиймээс энэ жил хүүхдүүдийн шээсний шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр авч, цагаан хорхойн дүүргийн эмнэлэгт авах тухай нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Шинжилгээ авах асуудлыг дотроо зохицуулахыг дүүргүүдэд даалгаж, одоогоор өдөр, хугацаа заагаагүй ажээ. Түүнчлэн хувийн хэвшлийн лабораторид шинжилгээ өгүүлэх талаар асуудал яригдаагүй байгаа гэв.

Г.Сайнзаяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу