Д.Отгондалай: Францын тамирчинтай дахин тоглож даагаа нэхнэ

“Хилчин” спорт хороо өнөө жил амжилт бүтээлээр дүүрэн 70 жилийн ойтойгоо золголоо. Тодруулбал, тус дэвжээнээс улсын их баяр наадмаар зургаан шинэ цолтон төрж, олимпийн наадмаас хоёр тамирчин нь мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа юм. Ойн баяраа угтаж өнгөрсөн баасан гарагт ахмад тамирчдаа хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Хилчин” спорт хорооны тамирчин, олимпийн хүрэл медальт Ц.Отгондалайтай цөөн хором ярилцлаа.
 
-Юуны түрүүнд танай спорт хороо үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэе?
 
-Баярлалаа. Би Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороонд тамирчнаар ороод найман жил болсон байна. Энэ хугацаанд багагүй амжилт үзүүлсэн гэж өөрийгөө тоодог шүү. Эх орондоо тангараг өргөсөн хилчдийнхээ нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд орж байгаадаа бахархаж явдаг. Энэ завшааныг ашиглаад үе үеийн тамирчид, ахмад хилчдэдээ ойн баярын мэнд хүргэе.
 
-Боксын спортоор хэзээнээс эхлэн хичээллэсэн бэ?
 
-Өмнө нь үндэсний бөхөөр хоёр жил хичээллэж байлаа. Бөх миний спорт биш гэж үзээд 2003 оноос эхлэн боксын спортод эргэж буцалтгүй хөл тавьсан. Тухайн үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийдэг байлаа. Сар гаруй энэ спортоор хичээллээд Дорнод аймгийн аварга болсон. Энэ нь надад урам зориг өгсөн анхны алтан медаль байсан юм. Дараа дараагийн тэмцээн гол төлөв хилийн чанадад болсон байх. Манай Дорнод аймаг газарзүйн байрлалын хувьд давамгай байдаг. Яагаад гэвэл Орос, Хятад хоёр улсын хилтэй залгаа оршдог. Тиймээс би энэ хоёр улсын тамирчидтай тоглолт сайхан таардаг.
 
-Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл олон тохиолддог байх. Шантрах үе гарч байв уу?
 
-Мэдээж хүндрэлтэй зүйл олон байна. Эр зоригийн спорт шүү дээ. Бусад спортыг бодвол бокс илүү хэцүү юм шиг санагддаг. Тэмцээнд орохоосоо өмнө өглөө бүр жингээ үзүүлнэ. Жинг тогтмол байлгахын тулд тамирчнаас маш их хөдөлмөр шаарддаг юм. Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдана. Энэ тэмцээнүүдэд оролцож чадахгүй буцаж байсан үе надад зөндөө бий. Санаанд нийцээгүй тоглолтоос болж харамсдаг байлаа. Гэхдээ би шантраагүй. Өөртөө зорилго тавиад хичээсэн. Үүний үр дүн эхнээсээ гарч байна гэж боддог.
 
-Боксын спортоор олон жил хичээллэсэн хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог гэсэн ойлголт зарим хүний дунд байдаг. Энэ нь толгойдоо хүчтэй цохилт авснаас шалтгаалдаг гэж байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
 
-Хүмүүсийн ингэж хэлж байгаа нь буруу ойлголт. Ямар ч сайн тамирчин байсан толгойдоо оногддог шүү дээ. Толгойдоо удаа дараа цохилт авч сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болно гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл энэ спортоор хичээллэж эхэлсэн бол цохилтоос яаж бултах, цохилтыг толгойдоо хөнгөлж авах зэрэгт суралцдаг. Тэгээд ч хамгаалах хэрэгсэл гэж байна. Өмсөж байгаа бээлий гэхэд өрсөлдөгч тамирчнаас ирж байгаа цохилтыг 70 хувь бууруулдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ боксын спортоор хичээллүүлэх дургүй байх тал бий. Тэдэнд хандаж хэлэхэд энэ нь мэргэжлийн биш сонирхогчийн бокс шүү дээ. Тухайн спортоор хичээллэхэд тархи толгойны өвчтэй болно гэсэн ойлголт байхгүй.
 
-Та “Рио 2016” зуны олимпын 60 кг-ийн жинд Франц улсын тамирчин Софьян Умиатай мөнгөн медалийн төлөө тоглосон. Маш сонирхолтой тоглолт болсон шүү дээ. Үзэгчид болон Монголын ард түмэн таныг ялчихлаа л гэж харсан?
 
-Би ч гэсэн дотроо ялчихлаа гэж бодож байсан. Харин тоглолтын хоёрдугаар үеийн завсарлагаанаар үзэгчдийн суудлаас манай боксын холбооны удирдлагууд оноо дутуу явааг дуулгасан. Тэгээд би өөрт байгаа нөхцөл бололцоог бүгдийг нь ашиглаж тоглосон. Монголын ард түмэн надаас аваргын алтан медалийг хүсч байсан. Би ч гэсэн түүний төлөө тоглосон. Энэ бүхэн санаснаар болоогүй. Гэхдээ хоосон биш олимпийн хүрэл медаль хүртсэн. Намайг дэмжсэн бүх хүн багахан ч гэсэн баярласан байх гэж бодож байна.
 
-Шүүгчдийн буруугаас болж ялагдсан уу. Эсхүл тухайн тамирчинтай тоглолт таарсангүй юу?
 
-Шүүгчдийн буруугаас болж ялагдсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Боксын шүүлтийн үзүүлэлтийг бүгдийг нь хангаж тоглосон гэж боддог. Өөрөөр хэлбэл, цохилт, давамгайлал, цохилтын тоо, талбай дээр биеэ авч яваа байдал зэргийг бүгдийг нь хангасан. Өмнө нь тэр тамирчинтай таарч тоглож байгаагүй. Гэхдээ тоглолтыг нь сайн мэднэ. Тухайн үед тоглолтынх нь эсрэг тактик боловсруулж гарсан.
 
-Таны дараагийн тэмцээн хаана болох вэ?
 
-Эхлээд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүний дараа намайг 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Яг хэдэн сард болох тов нь гараагүй. Ямартай ч Герман улсад болно. Энэ тэмцээнд би хамаг анхаарлаа хандуулж, том зорилго тавьж тоглоно.
 
-Тус тэмцээнд Франц улсын тамирчин Софьян Умиа ирэх болов уу?
 
-Мэдээж ирнэ. Яагаад гэвэл Францын тамирчин дөнгөж 22 настай залуу шүү дээ. Түүнтэй тоглохыг маш их хүсч байна. Олимпод ялагдсан даагаа нэхэж тогломоор байна. Гэхдээ би хорсч хэлж байгаа юм биш шүү. Тэр тамирчин намайг ялаад л өнгөрсөн. Түүнд буруу гэж юу байх вэ. Зүгээр л би дэлхийн аваргаар түүнээс хариугаа авч, өөрийгөө болон ард түмнээ баярлуулахыг хүсч байна.
 
-Боксын спортоо хэзээ орхиё гэж боддог вэ?
 
-Үүнийг одоогоор бодож амжаагүй байна. Дэлхийн аваргын тэмцээнд хэрхэн оролцсоноос шалтгаалан таны асуултын хариулт гарч ирэх байх. Хэрэв би дэлхийн аварга болох юм бол 2020 оны олимпыг зорино. Танай сонингоор дамжуулан Монголынхоо ард түмний хүлээлтийг хөсөрдүүлэхгүй. Хичээх болно гэж хэлье.
 
 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу