Б.Батжаргал: С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн, мөрдөн байцаалт дуусах шатандаа явна

-Э.БАТ-ҮҮЛИЙГ ЦАГДАН ХОРИХ МӨРДӨН БАЙЦААГЧИЙН ТОГТООЛ ИРЭЭГҮЙ-

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хяналт тавин ажиллаж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа талаар ярилцлаа.

-Хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явж байна вэ?

-Уг хэргийн холбогдогч нарыг илрүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон.

-Энэхүү хэргийг мөрдөн байцаагчийн шийдвэрээр нууцын зэрэглэлд хамруулсан гэх мэдээлэл байна?

-Эрүүгийн хэргийн нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийдээд нууцад хамааруулчихдаг юм биш. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу хэрэг төрийн нууцад хамаарах эсэх асуудлыг шийддэг. Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа гэж ойлгож болно.

-Өнгөрөгч долоо хоногт ТЕГ-аас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан. Хуулиндаа нэг хэрэгт хоёр удаа сэжигтэнээр тооцох заалт бий юу?

-Хуулинд тийм заалт байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ болон ДНК-ийн шинжилгээ авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?

-Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан юм. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

-Энэ хэрэгт Э.Бат-Үүлээс гадна хэд хэдэн сэжигтэн бий гэх юм?

-Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй.

Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа. Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвсэлээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Э.Бат-Үүлийг хорьж шалгана гэсэн мэдээлэл цацагдах боллоо?

-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг. Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.

-Б.Булганыг хорих ангиас сулласан шалтгаан юу байв?

- Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй юм.

-Э.Бат-Үүлийг сэжигтнээр татсан нь улс төрийн зорилготой буюу ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн ярьж байна?

-С.Зориг нас барсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс энэ өдрийг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг байцаах, түүнээс шинжилгээний дээж авах асуудал яригдаж л байсан. Түүнээс МАН-ыг төрийн эрх барих үед сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таарчихаад байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорын хяналтанд ирсэний дараа прокурор хэргийг хянаж хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах болно. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа.

Энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвсэлээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм. Ер нь бол олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нилээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

ЭХ СУРВАЛЖ: prokuror.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу