Хуушуурчид алдагдлаа улсаас нэхэмжилж байна

Өнгөрсөн долоо хоногт Хүй долоо худагт зохиогдсон  Даншиг наадмын үеэр худалдаа эрхэлсэн иргэдийн төлөөлөл  П.Төмөрчөдөр, Э.Долгорсүрэн нар өчигдөр хэвлэлийн бага хийсэн.

Тэд ярихдаа наадмын талбайн ойролцоо хоол, хүнсний үйлчилгээ эрхлэхээр 150 аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн. Зөвшөөрөл олгосон газар нь баярын үйл ажиллагаа болсон талбайгаас зайтай байсан. Гэтэл наадмын үйл ажиллагаа болж буй, хүн цугларсан газруудад иргэд зөвшөөрөлгүйгээр олноор хоол, хүнсний худалдаа явуулсан. Үүнд  хяналт тавих ёстой нийслэлийн Захирагчийн албаны Л.Нарантуяа дарга, “Монгол наадам” цогцолборынхон хайхрамжгүй хандаж зөвшөөрөл аваагүй иргэдэд хуушуур зарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж мэдэгдлээ. Зөвшөөрөлгүйгээр хүнсний худалдаа эрхэлсэн “царцаануудаас” болж зөвшөөрөл худалдаж авсан эдгээр хүмүүс гурван сая төгрөгийн хохирол амссан гэх юм.

Нар, сар гэрэлтсэн хуушуурийн бизнес 10 нугардаг ашигтай ажил гэдгийг үйлчлүүлэгчид бид олж харлаа. Өөрөө хүсэж бизнес эрхэлсэн бол алдагдал бусад хохирлоо өөрөө үүрч сурах хэрэгтэй. Гэтэл бүдэрч унасан ч чулууны буруу гэдэг Монгол зантай эдгээр худалдаачид хохирлоо Монгол наадам цогцолбороос нэхэмжилж байгаа юм байна.

 Угтаа бол Монгол наадам цогцолбор нь ямар ч хоол хүнсний зөвшөөрөл гаргах эрхгүй орон нутгийн төсөвт үйлчилгээний байгууллага аж. Даншиг наадмын хоол хүнсний зөвшөөрлийг Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтэс гаргадаг юм байна. Гэтэл худалдаачид наадам зохион байгуулагч Монгол наадам цогцолбороос мөнгө нэхэмжилж байгаа нь хаанаас юу нэхэхээ судлаагүй хэрэг.

Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтэс  хуушуурын зөвшөөрөл гаргаж түүнийгээ мөнгөөр зарж байгаа бол худалдаа үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрхийг бодож ажиллах ёстой. Гэтэл хэдэн зөвшөөрөл гаргаж мөнгөөр зарсан л бол болоо гэсэн шиг тэдний эрх ашгийг бодож ажилладаггүй нь харамсалтай. Зах дээр хүртэл түрээсээ төлөөд лангуу ажиллуулж байгаа түрээслэгчийн эрхийг тухайн зах хангаж өгдөг. Тийм байхад нийслэл энэ асуудалд анхаарлаа хандуулж цагдаагийн байгууллагын хүн хүчийг дайчлан “царцаануудаа” зохицуулах хэрэгтэй байсан юм. Жил жилийн наадмаар энэ асуудал яригддаг.

Хоёр гурван зуугаар нь хуушуурын зөвшөөрөл олгочхоод тэднийхээ эрхийг хамгаалахгүй. Түүнийх нь лай ланчиг дээр наадам зохион байгуулагч Монгол наадам цогцолборынхон унаж байна. Угаас манайхан зөвшөөрөлгүйгээр аливаа зүйлийг зарж борлуулдаг гаж зуршилтай. Хуушууранд нүүдэлж буй энэ царцаанууд сонгуульд хүртэл үүрлэж байхад. Энэ гажуудлыг анхаарч ажиллаж урьдчилсан арга хэмжээ авч чадаагүй нийслэл өөрөө сул дорой байна.

Мөнгөө төлөөд зөвшөөрлөө авсан бизнес эрхлэгчид “царцаануудад” уурлах нь зүйн хэрэг гэхдээ бизнесийн хохирлоо улсаас нэхэмжилж байгаа нь даварсан хэрэг болж таарна. Хадгаламж зээлийн хоршоо дампуурахад улс төлдөг, үерийн аман дээр зөвшөөрөлгүй бууж гэрээ усанд урсгачхаад улсаас гэр нэхдэг, цахилгаанаас болж шатсан захын хохирлыг улс барагдуулдаг, бондоос бага хүүтэй мөнгө авч бизнесээ дампууруулчхаад улсад буруугаа тохдог энэ мулгуу зуршлаа одоо болих хэрэгтэй. Улсын төсөв ямар бодлогогүй бизнес эрхлэгчдийн дампуурлыг нөхдөг газар уу.

Аливаа бизнес эрхлэгч алдагдлаа өөрөө хүлээдэг байх ёстой. Ашигтай ажиллаа гээд улсад татвараа хэл амгүй төлдөг биш дээ.


                                                                                                                                                                                      О.Ачиймаа 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу