Тэнд үлдсэн бид

17,5 хувийн эдийн засгийн өсөлт. Хөрөнгө оруулагчдын сонирхол. Олон улсын байгууллагуудын эерэг төсөөлөл. Бидний бардамнал. Энэ бүхэн бидэнд байсан. “Оюутолгой” компани ч ирээдүйн ашгийн тооцооллоо өсгөж байлаа. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд байсан энэ том нэр хүнд хаа явна. Тэр өсөлтөөс бид юу олж авав. Бид хаа хүрэв. Энэ бүгдийг асуух цаг аль хэдийнэ иржээ.

Тэнд байсан гэрлүүд

Одоогоос 10-аад жилийн өмнөөс Монголын ашигт малтмалын үнэлгээ дэлхийг гайхуулж, нодтой гүрнүүд нь “Minegolia” гэж өгч байлаа. Нэр өгөөд удаагүй байтал манай эдийн засгийн өсөлт дэлхийг гайхуулав. Гурван жил дараалж Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буусангүй. Тухайн үед түрийвч зузаан АНУ, азийн бар Япон, өнгө орсоор буй Гуулингууд ч энэ үзүүлэлтэд хүрээгүй юм. Дэлхийн алдартай хэвлэл гэгдэх Нью-Йорк Таймс сонин энэ талаар “Энэ үзүүлэлтийг улс гүрэн болгон үзүүлээд байдаггүй. Гэтэл азийн даруухан Монгол Улс үзүүллээ. Цаашид энэ улсын ирээдүй гэрэлтэй байх нь дамжиггүй. Гэвч хэрхэн, яаж ирээдүйгээ улам өргөжүүлэхэв гэдэг нь асуулт хэвээрээ л байна” гэж нийтэлж байлаа.

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом өсч улмаар ашигт малтмалын нөөц өндөр гэгдэх Чили, Австрали, Хятад, ОХУ зэрэг улсын эдийн засаг огцом өсч, энэ давалгаан түрлэгт Монгол улс цохигдсон нь дэлхий нийтийн анхаарлыг татах үндэс болжээ. Тэр цаг үед эрх баригчид үүнийг өөрсдийнхөө бяр, чадал гэж ойлгон цээжээ дэлдэж байлаа. Тиймээс ч одоо хүртэл олны хэл амны бай болсон олон төрлийн халамжийг хавтгайруулах эхлэлээ тавьж байсан юм. Халамжлах нь давамгайлсан тэр хүсэл нь одоо ч хүчтэй бадамласан хэвээр.

Энд байгаа саад

Хамгийн том саад нь улстөржилт. Үүнийг мөхөс сэтгүүлч би биш, олон улсын шинжээчид, энд байгаа ч тоодоггүй эдийн засагчид олон жилийн өмнөөс сануулсаар ирсэн. Хамгийн сүүлийн сануулгыг дөнгөж долоохон хоногийн өмнө хуралдсан “Invest Mongolia” хуралд оролцсон төлөөлөгчид ч сануулаад байгаа. Өнгөрсөн 25 жилийн түүхийг авч үзвэл улстөржилт, хоосон лоозон, бие, биенээсээ давах гэсэн ам бардамналууд л Монголыг авч явжээ. Хэдийгээр бид ардчилалын замыг сонгосон ч хуучин нийгмийн хий лоозогнол чөдөртэй үлдсэн нь энэ.

Улстөржилтийн хар гайгаар бид одоо жанжин шугамгүй хөгжиж байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн нэгдсэн цогц бодлого алга. Магадгүй улстөрийн томоохон намууд нь улсын хөгжил гэдгийг намын хөгжил гэж ойлгосноос энэ бүхэн холбоотой байж болох. Сонгууль бүрээр хөгжлийн хөтөлбөрөө өөрчилж, олонх болсон нам нь хөгжлийн авторыг тэр чигт нь барьж байгаа Монгол улсын хөгжил одоо чухам хаашаа чиглэх вэ? Хэрвээ бид 10 жилийн өмнө дэлхий нийтийг алмайруулж байх үедээ арай тооцоотой, илүү бодлоготой хандсан бол бид өдийд хаа хүрэх байсан бол.

Бичиг баримтны дарамт, төрийн хүнд суртал, авилга гээд саадуудыг дурьдаад барахгүй. Одоогоос яг жилийн өмнө Дэлхийн банкны явуулсан судалгаагаар монгол улс Оффис буюу албан тушаалтны дарамтаар дэлхийг тэргүүлж байв. Үүнээс үүдэн жижиглэн худалдаа эрхлэхэд таагүй орноор ч шалгарч байсан удаатай.

Урд байгаа асуудлууд

Урд бишгүй олон асуудал, шалгуурууд байгаа. Нэн тэргүүнд дэлхийн эдийн засаг ойрын 6 жилдээ сэргэх төлөв ажиглагдахгүй байгааг Олон улсын валютын сан дурьдсан. Мөн түүнчлэн манай урд хөрш Хятад улсын эдийн засаг ойрын гурван жилдээ алгуур байна гэсэн таамгыг тус улсын төв банк дэвшүүлээд байна. Украйны тал дээр баримталсан улстөрийн хатуу бодлогоос хамааран ОХУ-д тавьсан Европын холбооны хориг, дотоодын эдийн засгийн хүндрэлүүд ОХУ-ыг ойрын 5 жилдээ гинжлэнэ гэдгийг Блүүмберг онцолсон. Хөрш улсууд, цаашлаад дэлхий нийтийн хандлага таагүй байхад Монгол улсад бүр их дарамт бий. Энэ бол өр. Ниргэсэн хойно нь хашхирсан Сангийн сайдын мэдээллээр бид 23,5 тэрбум ам.долларын гадаад өртэй улс. 2017 оны эхний улиралд бид эхний ээлжийн зээлийн хүүгээ төлж эхлэх тооцоотой байгаа. Боловсруулах үйлдвэр байтугаа хүнд үйлдвэр ч хөгжөөгүй Монгол Улс хаанаас тэр их мөнгийг төлөх вэ?

Хаана хүрч дуусах вэ?

Дэлхийд тэргүүлэгч “Томсон Ройтерс” агентлагын онцлосноос харвал бид “живж байгаа үндэстэн”. Одоогоос яг нэг сарын өмнө гарсан энэ нийтлэлд таван жилийн өмнөх гэрэл гэгээтэй улсаас, хариугүй дефолт зарлах гэж байгаа улс хэмээн дүгнэн, живэхэд тун ойрхон ирээд байгаа гэж дүгнэжээ. Хамгийн ноцтой нь энэ талаар эрх баригч нам тодорхой арга хэмжээ авахгүй, улстөржсөн байдлаар хандаж байгааг дурьджээ. Хэрвээ улстөржилт энэ хэвээрээ үргэлжлэвэл асуудал улам хүндэрч, үүнээс үүдэн зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт татрах аюултайг гадны хүн сануулсан байна билээ.

Живж байгаа биднийг дампуурахад дэндүү хайран улс ч гэж гадныхан харж байгаа. Яг энэ хэвээрээ бол бид таван сарын дампуурлаа зарлана. Харин тэр үед хэн хожих вэ? Хэн ч биш. Харин зээлүүлж байгаа улс гүрэн л хожино. Магадгүй ацан шалаанд орсон АНУ, ОХУ, Европын холбооны улсуудын асуудлаа шийдвэрлэх хөзөр нь бид ч байж болох юм. Аль нь ч байсан бид одоо хаа хүрэхээ мэдэхгүй бүдчиж байна. Хаа хүрэхийг бидний сонгосон эрх баригчид л шийднэ. Одоо бид харах, хүлээх л үлдлээ.

Дампуурах уу, цаашаа хөгжих үү?

С.Болор

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу