“ХЭНТИЙН БҮРГЭДҮҮД” БОКСЫН КЛУБ БАЙГУУЛЛАА

 Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатарын санаачлага, тус аймгийн Засаг даргын дэмжлэгээр “Хэнтийн бүргэдүүд” боксын клуб Чингис хотноо үүд хаалгаа нээлээ.

Хэнтийн өсвөр үе, хүүхэд залуусыг спортод дуртай болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилго бүхий тус клубын дасгалжуулагч багшаар боксын спортын ОУХМ Д.Ганбаатар, зөвлөх дасгалжуулагчаар спортын мастер Д.Баатарсүрэн нар ажиллаж байна.

Тус клубт шигшээ багийн тамирчдаас гадна бокс сонирхогч эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс хичээллэх боломжтой бөгөөд бүртгэл Биеийн тамир спортын газар өдөр бүр явагдаж байна. “Хэнтийн бүргэдүүд” боксын клуб нь тус аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн жигүүрт байрлаж байгаа ба сонирхсон хүүхэд залуус 8884-1784 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Хэнтий аймаг нийтдээ спортын есөн төрлийг түлхүү хөгжүүлж ирсэн бол бокс, хүндийг өргөлт, унадаг дугуй гэсэн төрлүүд нэмэгдэж, Хэнтийн тамирчид спортын 12 төрлөөр улсдаа төдийгүй дэлхийд өрсөлдөх боломж бүрдэж байгаа юм.
 
Д.Одонтунгалаг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу