МОНГОЛЫН БАЙТ ХАРВААЧИД "ТОКИО-2020" ОЛИМПИЙН БЭЛТГЭЛЭЭ ЯПОНД БАЗААНА

Монголын байт харвааны тамирчид "Токио-2020" олимпийн наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа Оказаки хотноо Японы тамирчидтай хамт хийхээр болсон байна. 

Өнгөрсөн долоо хоногт Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан- Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн тус хотын хурлын дарга, байт харвааны холбооны удирдах хүмүүстэй уулзаж, санамж бичгийн хүрээнд хамтарсан бэлтгэл хийх тамирчдынхаа байрлах байрны нөхцөлтэй танилцсан байна.

Оказаки хот 380 мянган оршин суугчтай бөгөөд байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагч, сургалтын байгууламжаараа улсдаа тэргүүлдэг байна. Өдгөө Японы тамирчид олон улсад хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг.

Дашрамд дуулгахад, Монголын байт харвааны тамирчид 2018 он гарсаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сарын 3-8-нд Тайландын Бангкок хотноо болсон Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээнээс холимог багийн (recurve 70 м) төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, Б.Адьяасүрэн, Б.Оюунболд нар мөнгөн медалийн эзэд болж, олон улсын тэмцээний салхийг амжилтаар эхлүүлжээ. Байт харвааны тамирчдыг энэ жил олон тэмцээн хүлээж байгаа юм.

Д.Өлзий
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу