ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖСЭНГҮЙ

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Улс орны эдийн засаг сайжрах үед хүүхдийн мөнгийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэхүү мөнгийг олгож эхэлснээс хойш нийт хүүхдийн 13 хувь мөнгөө огт аваагүй байдаг. Үүнээс улбаатай зарим албан тушаалтнууд үлдэгдэл мөнгийг буруу зарцуулсан тохиолдол гарч байсан. Гэлээ гэхдээ хүүхдийн мөнгө орлого багатай өрхүүдэд нэмэлт орлого болж очдог байх хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 82 мянган өрх толгойлсон эхчүүд байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийн зарим нь хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр шуудай гурилын үнэ хийж амьдарч байгааг мартаж болохгүй шүү" хэмээв. 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төслөөр бол бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор туссан байв. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар бол нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор хуульчилсан. Уг асуудлын өмнө Засгийн газрын хувилбарыг яриад гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл олонхийн дэмжлэг авч чадсангүй. Тиймээс хууль санаачлагчид тогтоолын төслийг хүргүүлэхээр тогтов.
 
Б.Туул
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу