Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ШААРДЛАГА ҮҮСЭЭГҮЙ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, "Хүүхдийн мөнгөнд 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгийг яаж гаргах гэж байна вэ. Тодотгол хийх үү" гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Одоогийн байдлаар тодотгол хийх нөхцөл бүрдээгүй. Нэмэлт хөрөнгө гаргахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд зарцуулах мөнгийг тэрхүү хөрөнгөөс гаргах юм" гэсэн тайлбарыг хийв. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн үүний хариуд төсвийн жилийн дундуур хүүхдийн мөнгөний асуудлыг оруулж ирж байгаа нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг тул Засгийн газар хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Эдийн засаг хүнд байгаа шүү. Бизнес эрхлэгчдийн зовлонг биеэрээ судалж мэдрээрэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орлого өсч байгаа нь үнэн. Гэвч энгийн өрх гэрт энэ өсөлт наалдахгүй байна. Манай улстөрчид төсвийн орлого нэмэгдэхээр мөнгөө цацаж эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхдийн мөнгө бол өөр юм. Бид хүүхдийн мөнгийг олгодог байх нь зүйтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш 10 хувь нь огт аваагүй байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Илүүдэл мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 80 хувь нь дэмжлээ.
 
Б.Туул
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу