МУЗЕЙН ҮЗМЭР, ТҮҮНИЙ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛГЫН ХАРИУГ СОНСОЖ БАЙНА

 УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас музейн үзмэр, түүний хадгалалт хамгаалалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандаж асуулга хүргүүлсэн. Уг асуулгын хариуг одоо сонсож байна.  Тэрбээр асуулгадаа, "1996-1997 оны улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогоор нийт 23 ширхэг үзмэр алдагдсан. 1997-2007 оны хооронд улсын тооллого хийгээгүйн улмаас музейн үзмэрүүд алдагдсан 40 гаруй тохиолдол гарсан гэх мэдээлэл байна.  2007-2008 оны улсын тооллогоор 19 музейгээс хулгайд алдагдсан 141 ширхэг, 24 музейгээс дутсан 3106 ширхэг, 8 музейн солигдсон 22 ширхэг, 18 музейгээс бусад байгууллагад шилжүүлсэн, устгасан 1757 ширхэг, 28 музейн 6373 ширхэг үзмэр тухайн музейн сан хөмрөгт байхгүй үрэгдсэн нь тогтоогдсон. Соёлын үнэт өв болох музейн үзмэрүүд, түүх соёлын дурсгалт зүйлс алдагдсан тохиолдлууд, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй олон гэмт үйлдлүүдийн ихэнх нь хэдийд, хэн үйлдсэн тухай мэдээлэл байхгүй, зарим нь хууль хяналтын байгууллагад шилжсэн боловч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу БСШУСЯ, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран 4 жил тутамд соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг зохион байгуулах үүрэгтэй. Гэвч 2012 онд тооллого хийсэн гэх мэдээлэл байгаа ба 2016-2017 онд хийгдэх байсан улсын тооллого одоог хүртэл зохион байгуулагдаагүй байна.

2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын комисс 40 музейд шалгалт хийх үед нийт музейн 94.7 хувь хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөөгүй, 63.2 хувь музейн барилга, байгууламж дах үзүүлэнгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хамгийн эртний музей болох Чойжин ламын сүм музейн барилгууд 1908 онд баригдсан. Тус музейд “Барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд одоог хүртэл бүрэн шинэчлэлт, сэргээн засварлах ажил хийгдээгүй. Агааржуулалтын системгүй, театрын музей зориулалтын телекамер бүхий дохиололгүй, аюулгүй байдлыг хангах үүднээс гал, хулгайн дохиолол нь гэрээт буюу цагдаагийн байгууллагатай холбогдоогүй, гамш­гийн үед хэрэглэх нөөц хаалгагүй, аврах төлөвлөгөөгүй зэрэг музейн барилгатай холбоотой алдаа дутагдал их байна.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар Байгалийн түүхийн музейд 2007, 2010, 2012 онд “Бүрэн шинэчлэл, засвар” хийх шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй бөгөөд 2014-2016 онд Байгалийн түүхийн музейн байрны дээврийн хэсэгт нуралт үүссэн тул мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт гарч үйл ажиллагааг зогсоосон. Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг байгалийн давагдашгүй зүйлсийн хүчин нөлөөгөөр түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын үнэт өв бүхий үзмэрүүд сүйдэх, үрэгдэх эрсдэлтэй тулгарч буй тул барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон музейн барилгуудыг нэн яаралтай шинэчлэн засварлах шаардлагатай" хэмээн бичиж хүргүүлсэн. 

Уг асуулгатай холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Б.Туул
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу