ГАШУУНСУХАЙТ БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД 148 САЯ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БНХАУ-ААС ТАТЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа сүүлийн өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хот болон Өмнөговь аймгийг холбосон Ганцмод-Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний түүхий эдийн экспортын гол гарц болж буй энэхүү боомтод өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нэвтрэх гарцыг 50 хувиар хязгаарласнаар шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудал үүсээд байсан бөгөөд Ерөнхий сайд анх удаа биечлэн танилцаж, тодорхой шийдэлд хүрсэнээрээ энэхүү томилолт ихээхэн онцлогтой байв.

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Өмнөговь аймгийн уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт нь Ганцмод-Гашуунсухайт юм. Уг боомтоор өнгөрөгч 2017 оны энэ үед өдөрт 1500 орчим тээврийн автомашин нүүрс зөөвөрлөн БНХАУ руу гарч байв. Гэвч өнгөрөгч оны долдугаар сараас урд хөрш боомтын нэвтрэх гарцыг хязгаарласнаар өдөрт гарч байсан тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин багасч, дунджаар 500-700 болж өнөөдөртэй золгосон.

Боомтын нэвтрэх чадварыг багасгасан нь БНХАУ-ын зүгээс хилийн хяналтыг сайжруулах, дэд бүтцийн шинэчлэл хийх  шаардлагатай болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус боомтод хийсэн ажлын айлчлалын дүнд нэвтрэх чадварыг дээшлүүлэхэд боломжтой бүх хэлбэрээр хамтарч ажиллаж, экспортын тоог нэмэгдүүлэхэд хүчин чадлаа дайчлах шийдэлд хүрлээ. Тодруулбал ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмодны боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр тус боомтын удирдлагууд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-тай шууд худалдан авалтын гэрээ байгуулан, жилд 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой талаар Ерөнхий сайдад илэрхийлсэн юм. Баяннуур хотод нүүрс боловсруулах 26 үйлдвэр ажилладаг бөгөөд өнгөрөгч онд Монголоос нийт 7 тонн нүүрс авч боловсруулсан аж. Уурхайн амнаас 60-70 ам.доллараар худалдаалагддаг нүүрс дамжин ачилт, тээвэрлэлт зэргийн дүнд 120 орчим ам.доллар болж тус боловсруулах үйлдвэрт очдог талаар Ганцмод боомтын удирдлагууд хэлж байв. Тиймээс хэрэв шууд худалдан авалтын гэрээ хийвэл Монголын талаас 10 сая тонн нүүрсийг уурхайн аман дээрээс шууд нийлүүлэх боломжтой болох юм 



Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхах үеэр 2020 он гэхэд Монголоос жилд 30 сая тонн нүүрс нийлүүлэх боломж байгаа тухай ярилцсныг Ерөнхий сайд Ганцмод боомтод ажиллах үеэрээ онцлон хэлж байв. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд дэд бүтэц зэргээ хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж боломжтой, оёр улсын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гаргах ёстой гэж үздэгээ мөн тодотгосон юм. 

Ерөнхий сайдын Ганцмодны боомтын Гаалийн хяналтын удирдах төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Гашуунсухайт, Ганцмодны боомтод үүсдэг нүүрсний тээврийн урт дарааллыг хэрхэн зохицуулж хэвийн горимд оруулах тухай байлаа. Ганцмодны боомтын Гаалийн даргын хэлснээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаагаас урт дараалал үүсч, хаа хаанаа хүндрэл учруулдаг юм байна. Нөгөө талаас нүүрсний тээвэр аль болох их байвал хоёр талдаа эдийн засгийн ач холбогдолтой. Тиймээс дээрх асуудалд хоёр тал онцгой анхаарах, жолооч нар олон хоногоор машиндаа амьдарч эрүүл мэнд, аюулгүй байдал алдагдаж байгааг зосгоож, зохих арга хэмжээг авч ажиллахыг Монголын талын холбогдох байгууллагууд үүрэг болгохоо Ерөнхий сайд хэлж байв.
Ганцмодны боомт өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, улсдаа хамгийн их бараа нэвтрүүлсэн боомтын нэгд тооцогдоод байна. 2013 оноос хойш “Таван гарц-Таван орц” нүүрс нэвтрүүлэх хоолой, хяналтын систем зэргийг ашиглалтад оруулж автоматжуулснаар нэг автомашиныг 15 секундэд шалган хил нэвтрүүлдэг болжээ.


 
НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН ЭРҮҮЛ МЭНД,
АМЬ НАС, ХАБ-Д ОНЦГОЙЛОН АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Ганцмод боомтод ажиллаж БНХАУ-ын талын мэдээ мэдээлэл, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонссоны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчдын мэдээллийг сонссон юм.
Боомтынхны зүгээс нэн тэргүүнд боомтын хөгжил, ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хэлж байв. Харин үүнд “Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулсан юм. 
Төрийн албан хаагчид, тэр дундаа хилийн боомтод ажиллаж байгаа хүмүүс сахилга бат, дэг журмыг чанд сахиж, иргэддээ ямар нэгэн хүнд суртал гаргалгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулав. Мөн та бүхний хяналт, эх орноо гэсэн сэтгэл, хариуцлага чухал байгааг хэлж ажлын амжилт хүсэв.
Нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үүнийг тойрсон гомдол, санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг байна. Иймээс тагнуул, цагдаа, хил хамгаалах байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргаж боомт бүрт ажиллуулж, дүгнэлтээ танилцуулахыг холбогдох сайдад чиглэл болгов.
Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарах, хилээр нэвтрэх хугацааг аль болох багасгахын тулд Хятадын холбогдох байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг санууллаа.
Нэг хэсэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа 170 км-т хүрч дараалал үүсч байсан.  Засгийн газар энэ асуудлыг шийдэхээр 320 дугаар тогтоол гарган богино зайн тээвэрт шилжүүлж, урт дарааллыг багасгасанд орон нутгийн иргэд, удирдлага, тээвэрлэгч аж ахуйн нэгж сэтгэл хангалуун байгаа тухай албаны хүн хэллээ.
Одоогоор өдөрт нүүрс ачсан 500 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа бөгөөд Хятадын тал таталтаа нэмбэл өмнөхийн адил 1500-д хүрэх боломж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг хэт олноор нь олгосон нь хүндрэл учруулж байгаа тухай ч хөндөгдлөө. Цаашид   жолооч нар амрах газартай, хөдөлмөрийн гэрээтэй, засвар, үйлчилгээ хийх цэгтэй байх зэрэг стандартыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгч байх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.


 
ЦАГААН ХАДAНД ИЖ БҮРЭН АВТО ЗОГСООЛ БИЙ БОЛГОХ САНАЛ ГАРГАВ
 
Гашуунсухайт боомтыг хөгжүүлж, энэ орчмын нутаг дэвсгэрт олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Цагаан хаданд жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээ бүхий авто зогсоол бий болгох, шөнийн тээврийг бүрмөсөн хориглох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж хөгжлийг нь дэмжихэд зарцуулдаг байх зэрэг санал гарч байв.
Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээвэр хийдэг жолооч нартай уулзаж санал, бодлыг нь сонслоо.  Боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, хэдийгээр богино зайн тээвэрт шилжсэн ч Хятадын талын нэвтрүүлэх гарц цөөн байгаагаас дараалал төдийлөн буурахгүй, олон өдөр машиндаа өдөр хоног өнгөрөөж байгаад анхаарах зэргийг жолооч нар Ерөнхий сайдаас хүсч байлаа.
Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ.
Н.Гантуяа
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу