Н.ТӨГСЦОГТЫН 10 ДАХЬ ТУЛААНЫ ӨРСӨЛДӨГЧӨӨР КОЛУМБЫН О.ЭСКАНДОН ТОДОРЛОО

Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж байгаа сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт ирэх тавдугаар сарын 26-нд 10 дахь тулаанаа хийнэ.

“King Tug” Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгчөөр Колумб улсын боксчин Оскар Эскандон тодорсон байна. Энэхүү тулааныг АНУ-ын Миссисипи мужид зохион байгуулах юм. Оскар Эскандон 2004 оны Афины олимпийн наадамд оролцсон бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт (17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны 12 дугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ. Тэр, Н.Төгсцогтоос 17 см намхан боловч гар урттай тамирчин юм байна. 

Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн рингэнд гарч есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан билээ. Тэрбээр  найман өрсөлдөгчөө KO буюу нокаутаар ялсан юм. Харин энэ удаа Колумбын “Дайчин” хочит Эскандонтой тулалдах бөгөөд BoxRec чансаагаар Эскандон 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаар байрт бичигдээд байгаа юм.

Д.Өлзий
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу