Н.Энхцэцэг: Дотоодын зах зээлээ бүрэн хангана, тэгээд экспорт сонирхоно доо

“Дэнд” компани “EDI” брэндийг үүсгэн байгуулаад гурван жил болж байна. Анх эрэгтэйчүүдэд зориулсан дотуур хувцас, гэр, амралтын өмд үйлдвэрлэж байсан тус компани одоо чөлөөт загварын эрэгтэй, эмэгтэй хослол гээд хувцасныхаа төрөл, загварыг олшруулжээ. 
 
Хамгийн чухал нь монгол хүний биеийн бүтэц, онцлогт тохирсон өмсгөлтэй учраас хурдан хугацаанд хэрэглэгчдийнхээ тоог өсгөж чадсан юм. Энэ тухай “Дэнд” компанийн захирал Н.Энхцэцэгтэй ярилцлаа.
 
-“Зуун хүний зүс мэдэхээр нэг хүний нэр мэд” гэдэг үг бий. “Дэнд” гэдэг ямар утгатай үг юм бол? 
 
-Манай компани 2002 онд байгуулагдсан. Тэр үед компанидаа нэр өгөхөд хэцүү, санаанд таарах нэр олдохгүй байлаа. Ингээд гэр бүлийнхээ дөрвөн гишүүний нэрийн үсгүүдийг нэгтгэж “Дэнд” гэдэг нэрийг компанидаа өгсөн юм. Манайх хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 10 орчим жил ажилласан. 2014 оноос оёмол, зөөлөн бүтээгдэхүүний салбарт хөл тавьж эхэлсэн түүхтэй. 
 
Сайн чанарын зөөлөн даавуугаар эрэгтэйчүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Анх амралтын хувцас, чөлөөт загварын болон гэрийн өмд оёж байлаа. Одоо хослол үйлдвэрлэж эхлээд байна. Өнгөрсөн хавар манай компанийн үйлдвэрлэсэн хувцас “Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн”-ээр шалгарсан. Монголд оруулж ирж байгаа олон чанар муутай хувцасыг багасгахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа.
 
-Яагаад заавал эрэгтэйчүүдэд зориулсан хувцас үйлдвэрлэхээр зорьсон юм бол. Зах зээлийн эрэлт, хурдан борлуулалттай байх талаа бодвол эмэгтэйчүүдийн хувцас оёмоор юм шиг санагдаж байна?
 
-Монголчууд европжуу хэрэглээтэй. Учир нь монголчууд мах их иддэг. Тиймээс азиудыг бодвол том биетэй. Тиймээс европ стандартад дуртай. Ингэхээс ч аргагүй. Ази хүмүүсийн биед тааруулж хийсэн эсгүүр манайханд багаддаг. Тиймээс манай компани европ стандартаар эсгүүрээ гаргадаг. Гэтэл энэ нь одоо манай компанийн давуу талын нэг болчихсон. Анхнаасаа  эрэгтэйчүүдэд зориулсан хувцас хийе гэж зорьсон нь оёмол, зөөлөн бүтээгдэхүүний зах зээлийг судлаад үзтэл энэ орон зай сул байгаа нь анзаарагдсан.                 
 
Өөрөөр хэлбэл, бид хувцас загвар дээр эрэгтэйчүүдээ хаяад байдаг. Тиймээс л наад зах нь эрэгтэйчүүдэд зориулсан гэр, амралтын болон дотуур хувцасны үйлдвэртэй болчихож болно гэж бодсон хэрэг. Өндөр орлоготой иргэд энэ хэрэглээгээ гадаадад аялахдаа хангачихдаг. Харин дунд болон түүнээс доош орлоготой иргэдэд энэ нь жинхэнэ асуудал юм байна гэдгийг анзаарсан. 
 
Тиймээс үүнийг ажил хэрэг болгохоор шийдэж, хийж эхэлсэн. Зүгээр нэг санаагаа яриад орхих биш ажил хэрэг болгож, зорилготоо хүрсэн, бид. Бүр борлуулалтын салбар, цэгүүдтэй болтлоо ажиллаж байна. “Дүнжингарав”, “Хархорин” худалдааны төв болон “Номин” их дэлгүүрийн сүлжээгээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Хөдөө, орон нутгаас хүртэл манай бүтээгдэхүүнийг их сонирхож, бидэнтэй холбогддог. Одоогоор Дархан, Эрдэнэт, Ховдод манай хэрэглэгчид бий. Удахгүй III, IV хороололд салбараа нээнэ. Эрэлт ихтэй байгаа учраас энэ чиглэлийн бизнесээ түлхүү өргөжүүлнэ.
 
-Энэ жил шинэ бүтээг­дэхүүн гаргасан гэж сонссон. Ямар бүтээг­дэхүүн гаргасан юм бол?
 
-Бид өмнө нь эрэгтэйчүүддээ зориулсан даавуун өмд хийдэг байсан бол энэ жилээс эрэгтэй, эмэгтэй хослол гаргаж хувцас, загварынхаа төрлийг нэмсэн. Өвөл, зуны, зузаан, нимгэн гээд өнгө, загвар, размерын өргөн сонголттой учраас манай үйлдвэрлэсэн гэр, амралтын хувцсанд эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч их дуртай байдаг. Бүсгүйчүүд бидэнд хандаж “Эмэгтэйчүүдийн хувцас үйлдвэрлээч” гэдэг хүсэлт тавьж эхэлсэн. Ингээд л эмэгтэй хэрэглэгчиддээ зориулаад чөлөөт загварын болон гэр, амралтын хувцас үйлдвэрлэж эхэлсэн юм.
 
-Оёмол бүтээгдэхүүнээ экспортоор гаргаж байна уу? 
 
-Одоохондоо экспортод гаргахаасаа илүү дотоодын зах зээлээ хангахыг илүүд үзэж байна. Дотоодын зах зээлээ бүрэн хангаж дууссаныхаа дараа л экспортыг сонирхоно доо.
 
-Манай улсын зах зээлд одоо ч гэсэн өмнөд хөршөөс оруулж ирсэн бүтээгдэхүүн их байдаг. Энэ юунаас болдог юм бол. Манай иргэдийн худалдан авах чадвар муу байна уу. Эсвэл бодлогын алдаа юу. Уг нь олон дахин чанаргүй бараа худалдан авч, мөнгөө Эрээн руу явуулснаас үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийсэн чанартай бүтээгдэхүүнээс авмаар юм. Ингэвэл эдийн засагт ч нэмэртэй баймаар?
 
-Аль ч нийгмийг хүн амын 70-80 хувь нь буюу дундаж давхаргынхан л бүтээдэг. Бид хувцас үйлдвэрлэлээ дундаж орлоготой иргэдийнхээ боломжид нийцүүлэхийг зорьдог. Иймээс манай оёмол бүтээгдэхүүн 25-30 мянган төгрөгийн үнэтэй гардаг. Түүхий эд маань буюу бидний хувцас хийж буй даавуу БНХАУ-аас Солонгос, Европт гаргадаг, чанар сайтай материал байгаа. Тиймээс зарим хэрэглэгчдэд жаахан үнэтэй санагдаж магадгүй. Гэхдээ тэр хэрээрээ чанартай байдаг. БНХАУ тэрбум гаруй хүнтэй, дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч орон. Тийм учраас сайн ч, муу ч юм хийдэг. Хятадад үйлдвэрлэсэн хувцасны оёдол бол сайн. 
 
Гэхдээ өмсгөл нь манай монголчуудад тохирдоггүй. Хямд үнэтэй, чанар муутай барааг манай иргэд одоо ч зөөсөөр байгаа. Мэдээж, нийгэмд түүнийг нь авч хэрэглэдэг орлого багатай иргэд манайд ч бий. Гэхдээ одоо олон дахин чанар муутай худалдан авалт хийснээс нэг удаа чанартай бараа бүтээгдэхүүн авах боломж нээлттэй боллоо шүү дээ.  
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу