Э.Бат-Үүл, Б.Булганы тухай УЕПГ-аас ингэж ярилаа

Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн үед Нийслэлийн Ардчилсан намын дарга Э. Бат-Үүлийг тагнуулын байгууллага онц ноцтой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь тодорхой боллоо.

Энэ нь эрх баригчаас сөрөг хүчин болж уруудсан Ардчилсан намын хувьд ээлжит сонгуульд нийслэл дэх ганц найдлага, нэг үгээр бол "бэлгэдэл" нь нуран унасантай ижил юм.

Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийж, өөрийг нь гэмт хэрэгт холбон шалгаж байгааг мэдэгдсэний дараагаар олон нийт орон нутгийн сонгууль гэхээс илүүтэй ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон үйл явдлыг тайлбарлаж байна. Ингэхдээ төрийн эрх мэдлийг авсан МАН, тодруулбал, тус намын дарга М.Энхболдыг дээрх явдалд илэрхий холбож, Ерөнхийлөгчийн сонгуульд үзэлцэх замаа засч Ардчилсан намаас ирээдүйн өрсөлдөгчөө зайлуулж буй явдал хэмээн харж байгаа юм. Тиймээс УЕПГ-ын хяналтын прокурор Б.Батжаргалаас эл хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТЭЭР ХЭРГИЙГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРУУЛСАН

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Хотын дарга асан Э.Бат-Үүл болон МУГЖ Д.Сосорбарам нарын хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудлаар хэдэн зүйл асуух тодруулах гэсэн юм?

-С.Зориг нас барсан хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр яригдаж байгаа зүйлд хариу өгье.

Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалтын явагдаж дуусаагүй байгаа.

-Яагаад нууцлалд хамаарагдсан юм бэ. Э.Бат-Үүл..."Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан"... талаар хэвлэлийн хурал хийхдээ ярьсан?

-Эрүүгийн хэргийг нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийдээд нууцад хамааруулчихдаг юм биш. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу хэрэг төрийн нууцад хамаарах эсэх асуудлыг шийддэг.

Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа гэж ойлгож болно.

-Саяхан Тагнуулын Ерөнхий газраас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан. Тэгвэл хуулиндаа нэг хэрэгт хоёр удаа сэжигтэнээр тооцох заалт байгаа юу?

-Хуулинд тийм заалт байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.

Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

ГАНЦ Э.БАТ-ҮҮЛ БУС ХЭД ХЭДЭН ХҮНИЙГ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авч байгаа юм уу?

-Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

-Э.Бат-Үүл... "Намайг улс төрийн зорилготой буюу ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна"гэсэн байдаг. Энэ хэргийг шалгахад ямар нэг улс төрийн зорилго агуулсан гадны нөлөөлөл байгаа юу?

-Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй.

Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа.

Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвсэлээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.

Ер нь бол олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нилээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй.

Э.БАТ-ҮҮЛИЙГ ЦАГДАХ ХОРИХ ТАЛААР МӨРДӨН БАЙЦААГЧИЙН ТОГТООЛ ИРЭЭГҮЙ

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Э.Бат-Үүлийг хорьж шалгах болон хорьж шалгаж байгаа талаар мэдээллүүд гарсаар байна?

-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг. Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.

-Хэвлэлийн хурал хийх үедээ онцолж ярьсан бас нэг асуудал бол "Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр түүнийг энэ хэрэгт холбогдуулан гүтгэсэн, талаар прокурорын байгууллагад хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулаач?

-Ноцтой мэдээ сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 34/596/ дугаарт "Э.Бат-Үүл 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм. 

Э.Бат-Үүл хэдийгээр энэхүү аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай" гэж илт худал гүжирдлэг тараасан гэх асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болон анхдагч зүтгэлтнүүдийн төлөөлөл гэх МУГЖ Д.Сосорбарам болон нэр бүхий хүмүүсийн хийсэн хэвлэлийн хурлын үеэр.. С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт коммунист угшилтай МАН-ын зүгээс ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Э.Бат-Үүлийн нэр хүндийг унагах зорилгоор хилсээр хэрэгт холбогдуулан шалгаж нэр хүндийг нь унагах гэсэн үйлдэл гаргаж байгаа талаар дурьдсан?

-С.Зориг нас барсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа. Түүнээс МАН төрийн эрх барих үед энэ хэрэг илрээд Э.Бат-Үүлийг татаад шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таарчихаад байгаа юм.

Б.БУЛГАНЫГ ХЭРЭГТ ХОЛБОГДОЛГҮЙ ГЭДЭГ БАЙДЛААР БИШ БИЕИЙН БАЙДЛААС НЬ БОЛЖ СУЛЛАСАН

-Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булган хоригдон шалгагдаж байгаад саяхан суллагдсан. Түүнийг сулласан нь хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм уу?

-Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн.

Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.

-Хэргийн ажиллагаа хэзээ дуусах бэ. Тодорхой хариулт өгөх боломжтой юу?

-Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу