АН “сэхээнд” орлоо

Шоргоолж өчүү­хэн шавьж хэдий ч эв нэгдэлтэй, элбээд үүрээ босгочихдогсон. АН-д тийм чадвар алга. Чадвараа дарга цэргийн сан­дал ширээний тө­лөөх хор найруулгад л гар­гаж сурснаас өөр эрдэм үгүй аж. Гишүүд нь ч, ардчиллаар овоглодог, амьс­галдаг, энэ намтай ямар нэг хамааралтай бүхэн өнөөдөр ийм байна. 

Өнгөрсөн сонгуулийн шокоосоо гарч чадахгүй, үргэлжлүүлээд сэхээнд байсаар байх уу. Аль эсвэл өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрчлөлт, шинэчлэл өрнүүлж өндийж босох уу. Намаа үнэхээр босгоё гэж байгаа бол хэн удирдаж чадах вэ. Манлайлагч лидер байна уу. Эдгээр асуултад өнөөдрийн байдлаар л лав ямар ч хариулт алга. Хоосон цууриа л сонсогдоно.

 “МАН болохгүй байна, эрх баригч нам дангаараа хүч түрэн шийдэж байна, хууль зөрчлөө” гэхчлэн үглэх, тайлбар тавихыг зэрэгцүүлдэг. Гэтэл энэ байдал засрахгүй МАН чигээрээ зүтгэж бүгдийг өөрсдийнхөөрөө шийдээд явна гэдгийг АН-ынхан мэдэж л байгаа. Өөрсдөө засаг барьж байхдаа ч ийм л байсан. МАН-ынхан тэр үед одоогийн АН-ын байр сууринд бархирч л суусан. Тиймээс АН-ынхан ингэж суух нь зохимжгүй. Сүүлийн үед энэ намынхан тэнд, энд бужигнаж, “Би лидер” хэмээн цээжээ дэлдэхээс өөр зүйл хийхээ больсон.

 Жирийн гишүүд нь хэлэхдээ “Манай дарга нар нуувчиндаа шургачихаад гарч ирэхээ байсан” хэмээдэг. Гэтэл нуувчин дотор удирдлага барьж суучихаад янз бүрийн уулзалт, цуглаан, хөдөлгөөн, хэвлэлийн хурал зохион байгуулаад байх шиг. Тухайлбал, АН-ын шинэчлэлийн төлөө залуучуудын хөдөлгөөн байна. Өөрийн намаасаа эхлээд Монголын бүх намыг шинэчлэх цаг болсон хэмээн шулга­налд­даг. АН-ын ахмадууд, эмэгтэйчүүд, ахмад зүт­гэлт­нүүд гэхчлэн ТББ-ууд борооны дараах мөөг шиг олширсон. 

Тэгсэн атлаа нэг зүгт биш тал тал тийш харж суун мэдэг­дэл хийчихээд тар­чих­даг. Өнгөрсөн хоёр өдөр л гэхэд АН-ыг үүс­гэн байгуулагчдын холбоо, АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо, Анхдагчдын холбоо, Ард­чилсан хувьсгалын зүт­гэлтнүүд гэхчлэн нийтдээ 5-6 байгууллага хурал, чуулган зохион байгуулав. Бүгд л АН-ын шинэчлэлд санаа зов­сон улс. Харин АН-ын дар­гаар өөр, өөр хүнийг дэв­шүүлж дэмжинэ гэж ярьж байгаагаараа ялгаа­тай. Нэг хэсэг нь “Д.Эрдэнэбат намын дарга байж чадна” гэх.

 Нөгөө хэсэг нь “С.Эрдэнэ шилдэг удирдагч шүү” гэж ярих. “Э.Бат-Үүл намаа даргалвал мундаг байтал барьж явчих гээд байна” гэж халаглах. Бас дээр нь Н.Алтанхуяг л болохгүй байна гэж хачир нэмэх. Энэ мэтээр ТББ, холбоо, дэмжигч, гишүүдийн ард хэн байна вэ гэдгийг үг, үйлдлээс нь уншигчид хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

 НАМЫН ДАРГЫН Ч, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН Ч СУУДАЛ ГАНЦХАН, ГЭТЭЛ...

 Өнөөдрийн Ардчилсан нам даргын суудлын төлөөх дажинд өөрсдөө дарагдчихсан гэж бас болно. Экс дарга З.Энхболд нь сонгуулийн маргааш ялагдлаа хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өглөө хэмээн мэдэгдчихээд алга болчихсон. Дараагийн дарга тодортол түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон. ҮЗХ-ны хурлаа хийнэ гэж гурван сар ярилаа чаддаггүй.

 Сонгуульд ялагдсан шалтгаанаа дүгнэж цэгнэнэ, намын даргаа сонгоно гэлээ байдаггүй. Түүний оронд нэг могой байтал толгой нэмж ургаад байдаг тухай үлгэрт гардагчлан баахан намын даргад горилогч тодров. С.Эрдэнэ, Лу.Болд, Ч.Сайханбилэг, Г.Батхүү, Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин гээд л баахан нэр хөвөрсөн. Сүүлд П.Цагаан намын даргад өрсөлдөхөө зарлаж горилогчдын жагсаалтад нэмэгдсэн. Одоо намын даргын үүрэг гүйцэтгэж буй Д.Эрдэнэбат бас бий. Бүлэглэл, фракцийн ширээ “зүлгэж” яваа залуучууд дотор ч ийм мөрөөдөлтөн олон.

 Ийнхүү энэ намын толгойтой болгон өөрийгөө лидер хэмээн цээжээ дэлдэж, “Би дарга болно”, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн цовхчиж байна. Гэтэл намын даргын суудал ч, Ерөнхийлөгчийн суудал ч ганцхан. Нэг л хүн дарга болно. Тэр эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг ялж гарч ирэх үүрэгтэй.

 Харамсалтай нь ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадахгүй өдий хүрч байгаа улс төрийн хүчнийг нам гэж харах байтугай бодоход ч хэцүүхэн. Бүлэглэл, фракциуд нь манайх даргын суудлыг авна, танайх ерөнхий нарийн бичгийн даргынхыг ав, тэднийд нарийн бичгийн даргын албан тушаалыг өгье гэхчлэн толхилцож, тохиролцож чадахгүй талцаж байхад ямар итгэл төрөх вэ. Энэ талцлаасаа болж АН сум, дүүргийн ИТХ-даа бэлтгэж амжсангүй. Бас нэг алдаа нь намын даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй сонгуульд орж байна. Өөрөөр хэлбэл, туг нь ч тугчин нь ч алга.

 Н.АЛТАНХУЯГИЙН НӨЛӨӨ БАГА, Х.БАТТУЛГЫН АМ ЧАНГА БАЙНА

 Товлосон ёсоор бол АН-ын ҮЗХ өнөөдөр болох учиртай. Бас хойшилж ч магадгүй гэдгийг зарим эх сурвалж хэлсэн нь ортой аж. Хурлаа бас л хойшлуулжээ. Дээр өгүүлсэнчлэн маргааны гол цөм нь дахиад л намын даргын асуудал. Бүлэглэл, фракцууд намын даргад энэ удаагийн ҮЗХ-ны хурлаас сонгогдсон хүн ирэх арванхоёрдугаар сард болох Их хурал хүртэл тамга атгана. Их хурлаар намын даргыг дахин шинээр сонгож баталгаажуулна гэснээс болж талцал маргаан нэг тийш болохгүй байгаа гэсэн, намын даргад горилогчид ч одоо биш ирэх арванхоёрдугаар сард нэрээ дэвшүүлнэ хэмээн чаргууцалдаж өдий хүрчээ.

 Улс төрийн хүрээнд ярьж буй мэдээллээр бол энэ удаагийн ҮЗХ-ны хуралд экс намын дарга Н.Алтанхуягийн нөлөө тун бага байгаа юм билээ. Тэгэхээр намын даргын сонгуульд түүний ойр хавиас зүтгүүлэх боломж бас хомс юм. Харин намын ерөнхий нарийн бичгийн сунгаанд Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын дэд сайд асан Б.Ургамалцэцэг, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан нарын нэр дуулдсан.

 “Шонхор” фракцынхан шууд намын даргад хүнээ тавина хэмээн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарыг боломжтой хэмээн зүтгүүлж тулгалт хийж байгаа нь нууц биш. Ард нь З.Энхболд сууж байгаа. П.Цагааны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгон хүч түрэн зүтгүүлсэн. Намаа авахын тулд “манаач”-аа тавьж буй явдал хэмээн хэвлэлүүд бичээд байгаа. МҮДН фракц УИХ-ын гишүүн, одоо АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Д.Эрдэнэбатыг суудалд нь бэхлэх тохиролцоотой байна уу гэсэн таамаг бий. Учир нь П.Цагааныг намын даргын марафонд нэгдэнгүүт зөрүүлээд өөрийн фракцийн Ц.Баярсайханыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр илгээсэн нь ийм дүгнэлтэд хүргэж байгаа бололтой.

 Намын даргын сунгаанд “Нэг ардчилал”-аас Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар горилж байгаа гэсэн мэдээ эртнээс гарсан. Гэхдээ шанс багатай. Хууччуул нь залуусыг “бялуу”-нд ойртуулах тун дурамжхан байдаг. Одоо ч тийм байгаа. Тиймээс ерөнхий нарийн бичгийн даргын эсвэл нарийн бичгийн даргын сонгуульд хүч үз гэжээ. Харин МоАН нэгдлээс Лу.Болд, Г.Батхүү, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар тохироонд оролцож байгаа. Г.Батхүү, Лу.Болд нарын аль нэгийг намын даргад, А.Бакей, Ц.Оюунгэрэл нарыг ерөнхий нарийн бичгийн сунгаанд сойжээ. Тэдний ард С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нууц байдалд яриа хэлцэлд орж яваа сураг ч бас дуулдсан.

 Х.Баттулга энэ удаа тойрон хүрээлэгч хамтран зүтгэгчдийн хамт туйлын ам чанга байна. Тэгвэл “АН-ын зайран” гэгдэх болсон Н.Батбаяр “Би дарга байх ёстой хүн” хэмээн хуурай агсам тавих болсон гэнэ. Э.Бат-Үүлийн хувьд С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэгтэй холбогдсон нь энэ асуудлыг нэг тийш болтол “чөдөртэй” байхын дохио юм. 

АН-ЫН ХОРООД СУМДАД ХОЁР, ДҮҮРГҮҮДЭД 11 ДАРГАТАЙ 

АН дээгүүрээ ийм бужигнаантай, байгаа бол дунд, доод шатандаа бас л хөл, толгойгоо олохгүй явна. 360 сумд бүх намын хороо, үүр, штаб бий. АН-ынх ч байгаа. Харин тэд юугаараа ялгарч байна вэ гэвэл, тухайн сум дахь АН-ын хороо хоёр даргатай аж. Дарга нар тус, тусдаа тамгаа булцаалдаж, гишүүдээ хувааж өмчилсөн байдалтай. Бие биеэ тэрний хүн, энэний сүүдэр гэхчлэн хочилж, хэл ам ч тасардаггүй.

 Дүүргүүдийн намын байгууллагууд нь тэрнээс ч дор. Сонгинохайрхан дүүргийн АН л гэхэд 11 даргатай, тойрон хүрээлэгч сэтэртнүүд нь ч тоогоо алджээ. Мөнгөтэй хүмүүс авчраад дарга болгоод байдаг, нөгөөдүүл нь сонгууль болохоор бусад нам, нэр дэвшигчтэй тойрог тохиролцож наймаа хийдэг “бизнесүүд” гэдгийг намын гишүүд нь саяхан хэвлэлд ярьсан. Нэг дүүрэгт ийм байхад Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур, Хан-Уул гээд бүх дүүрэг дэх АН-ын хороо “Нэг үхрийн эвэр доргивол” гэгчээр улс төрийн бохир наймаа, хэлцлээс хол байгаа гэхэд тэнэг хүн ч итгэхгүй нь лавтай. Ийм байхад сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН дахиад л ялагдана гэсэн үг.

 Энэ мэтчилэн АН нэгэн цагт гурвалжин пирамидаар намынхаа логог хийж, эмх цэгцтэй, босоо хиймортой, нэгэн цул байхаа андгайлж байсан шигээ байж чадахаа байгаад “сэхээнд” орчихлоо. Яг одоо энэ намд “сэхээ”-нээс гаргах лидер л хэрэгтэй болохоос дарга болж үзэхийг хүссэн хоосон мөрөөдөгч, дэмий хөөрцөглөгч лойдор хэрэггүй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу