БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГТ КУБА ДАСГАЛЖУУЛАГЧ ИРЖ АЖИЛЛАНА

Монгол Улсын боксын залуучуудын шигшээ багт, Куба улсаас өндөр туршлагатай дасгалжуулагч ирж ажиллахаар болжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд найрамдах Куба улсын Спортын сайд, Биеийн тамир, спорт, амралт чөлөөт цагийн үндэсний институтын ерөнхийлөгч Антонио Бехали Гарридо нар пүрэв уулзаж ярилцжээ.

Куба улс нь волейбол, жүдо, боксын спортын төрөлд дэлхийд дээгүүрт үнэлэгддэг бөгөөд эдгээр төрлөөр Монголд дасгалжуулагч илгээх боломжтой гэдгээ манай талд илэрхийлжээ. Энэ ажлын эхлэл нь ийнхүү боксын дасгалжуулагчийг удахгүй манай улсад ирүүлэхээр болсон байна. Цаашид спортын таван төрөлд хамтран, харилцан дэмжлэгтэйгээр “Токио-2020” олимпийн наадамд оролцох нь үр дүнтэй гэж хоёр тал санал нэгджээ.

Энэ үеэр Куба улсын сайд Антонио Бехали Гарридо “Куба улс жилийн турш дулаан байдаг болохоор бэлтгэл сургуулилт тогтмол хийхэд таатай орон. Танай улсын спортын баг тамирчдыг эх орондоо хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийлгэхэд таатай байх болно” гэжээ.

Хоёр тал волейбол, чөлөөт бөх, жүдо, бокс, гимнастикийн спортын төрөлд хамтран ажиллаж, багш, дасгалжуулагч, тамирчдыг бэлтгэл цугларалтад хамруулахаар болов.

Монголын жүдо бөхийн холбооноос эрхэм сайдад хандан хөнгөн, хүнд жингийн ангилалд тамирчин солилцох тухай хүсэлт гаргасан бол гимнастикийн холбооноос Куба улсын баг тамирчдыг эх орондоо урьж, хамтарсан бэлтгэл хийх боломжтой гэсэн санал дэвшүүлсэн байна.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу