АН: Сэхэл, мөхлийн зааг дээр

АРСАЛДСААР Л БАЙВАЛ АН АРЧИГДАНА

Яг одоо Ардчилсан намд эв нэгдэл хэрэгтэй байна. Товчхондоо ялагдлын “шок”-ноосоо гараад намаа шинэчлэх их аянд гарах ёстой.

Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш болох товтой байгаа. Энэ нь Ардчилсан намд шинэчлэлийг авчрах, бодлогын нам болж өөрчлөгдөх эхлэлийг тавьсан ажил хэрэгч хуралдаан болохыг мянга, мянган гишүүд, дэмжигчид нь хүлээж суугаа нь лавтай.

Ялагдал бол улс төрд байдаг л үзэгдэл. Гагцхүү ялагдлаасаа сургамж аваад дахин босох чадалтай, төлөвшилтэй байх учиртай. Ингэхийн тулд намыг ялагдалд хүргэсэн хүмүүс нь хариуцлагаа хүлээж, огцрохоос эхлээд бүр явах ёстой. Яг одоо Ардчилсан нам дахин сэргэж босох уу, фракц, бүлэглээрээ хуваагдан “сайн дураараа татан буугдах уу” гэдэг зааг дээр ирчихээд байна.

Ардчилсан намыг сонгуульд ялагдахад нөлөөлсөн хэд, хэдэн шалтгааны нэг нь намын удирдлагууд нь жирийн гишүүдээсээ тасарч, тэнгэрт дөрвөн жил амьдарсантай холбоотой. Хоёрт, Засгийн газрыг удирдаж ажилласан Ерөнхий сайд нь эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтаа зөвхөн фракц, бүлэглэлийн эрх ашгийг хангахад л чиглүүлж байв.

Гуравт, Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг жил бүр ротациар шинэчилж байх ёстой ч “Алтан гадас” фракц Үндэсний зөвлөлдөх хороонд зонхилсноор энэ цус сэлбэлт нам зогссон. Тавд, “Женко” гэх улс төрийн хүчтэй бүлэглэл бий болж, намаа дотроос нь “алах” ажиллагааг өнгөрсөн хугацаанд хүчтэй өрнүүлсэн нь уучилж болшгүй алдаа. Дөрөвт, УИХ-ын сонгуулийн санал хураалтаас ердөө сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тойргийг хэт жижигсгэсэн нь бас л тэнэг үйлдэл. Энэ бүхний хариуцлагыг Ардчилсан намыг удирдаж байсан Н.Алтанхуяг, З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар үүрэлцэх ёстой. Үнэхээр Ардчилсан намыг цаашид оршин тогтноосой, бодлоготой улс төрийн хүчин болж шинэчлэгдэн төлөвшөөсэй гэж хүсэж л байгаа бол “дайн” өдөөхгүйгээр явах ёстой.

Энэ намд бодлогын өрсөлдөөн байх ёстой болохоос биш дажин хэрэггүй.

Намын мянга, мянган гишүүд өнөөдөр итгэл алдран суугааг нуух аргагүй болсон. Нэг номерын асуудал нь намын шинэчлэл байх ёстой атал фракц, бүлэглэлээрээ хуваагдан намын дарга болохоор улайрцгааж байна. Ямар аргатайдаа л ирэх арванхоёрдугаар сард болох Их хурал хүртэл Ардчилсан намын түр даргыг томилъё, томилогдсон хүн нь Ардчилсан намын даргад өрсөлдөхгүй байх гэсэн шалгуур тавих талаар ярилцах билээ.

Мөн энэ эгзэгтэй үетэй зэрэгцэн С.Зориг агсны хэрэгт Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг сэжигтнээр татан, шалгах ажиллагаа эхэлсэн нь мянга, мянган гишүүнийг айдаст автуулаад байна. Эв нэгдэлгүй, дотооддоо зөрчилтэй байгаа энэ цаг үеийг ашиглаад, ирэх жилийн сонгууль угтуулаад хилсээр хэлмэгдүүлэх ажиллагаа явахгүй гэх баталгаа алга.

Өнөөдөр Э.Бат-Үүл, харин маргааш хэнийг захиалах бол.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу