Асгатын мөнгөний орд хэний гарт орсон бэ?

Асгатын мөнгөний ордод яг өнөөдрийн байдлаар хэн эзэн суугаад байна вэ? Энэ асуултад хэн хариулт өгөх вэ?

Сонгуулийн үеэр Эрдэнэтийн 49 хувийг монголчууд авлаа хэмээн сүр дуулиантай зарлаж, араас нь бөөн бөөн хардлага, сэрдлэг өнөөг хүртэл дагуулсаар л яваа. Эрх баригчид энэ наймааны дундуур ямар нэгэн хууль бус юм гүйсэн байж болох талтай хэмээн хардлагаа нэг тийш болгохоор ажлын хэсэг хүртэл байгуулан ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийг шүлэгч-улстөрч Ж.Мөнхбат ахлан ажиллаж байна. Нэгэнт наймаа хийгдэж Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын аж ахуйн нэгжийн хуулинд нийцэж үйл ажиллагаагаа явуулах болсон, тэгээд ч төр өөрийн өмч бүхий компаниа шалгах эрхтэй тул ямартай ч ажлын хэсгийн зүгээс энэхүү гэрээ хэлцэлтэй холбоотой хууль бус зүйл байгаа эсэхийг шалгаад гаргаад ирэх нь дамжиггүй биз.

Ер нь Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд Оросын талд шальтай ногдол ашиг гаргаж өгч чадахгүй ирснийг эдийн засагчид онцолдог. Энэхүү хоёр улсын Засгийн газар болон гуравдагч этгээд оролцсон гэрээ хэлцлийн үр дүн олон нийтэд зарлагдах үед Оросын хэвлэлүүдээр эдийн засгийн өгөөж багатай, түншлэхэд хүндрэлтэй байсан хөрөнгүүдээс салж эхэллээ хэмээн бичиж байжээ. Тухайлбал “Коммерсант” сонинд гэхэд дээрх хэлцлийг “ЗХУ-ын үеийн, олон асуудал дагуулсан түншлэлээс ОХУ гарлаа” гэж тодорхойлсон байдаг. Бусад хэвлэлүүдийн нийтлэлээс харахад ч үүнтэй адил утга давамгайлсан ба Gazetа.ru цахим хуудаснаа зэсийн зах зээлийн төлөв сайнгүй байгааг ч Эрдэнэттэй холбож, зөв шийдвэр хэмээн онцолж байжээ.

Тэгвэл энэхүү мэдээллүүдэд “түншлэхэд хүндрэлтэй байсан хөрөнгүүдээс салж эхэллээ” хэмээсэн нь ганц Эрдэнэтийг биш Монголросцветмет нэгдлийг ч давхар хэлсэн хэрэг гэж ойлгож болно. Монголд ч бас нэг л өдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ хувийг Оросын талаас худалдаж аваад Монголын талд шилжсэн дуулиантай зэрэгцээд Монголросцветмет нэгдлийн ОХУ-ын талын 49 хувийг мөн монголчуудын гарт орсон болохыг тэр үед л мэдсэн билээ.

Гэтэл тэр цагаас хойш Эрдэнэтийн хувийн талаар олон нийт, улстөрчид ярих хэрнээ Монголросцветмет нэгдлийн хувь заяа хэрхсэн, цаашлаад Асгатын мөнгөний орд юу болж байгаа талаар хэн ч үг хаяхгүй байгаа нь хачирхалтай.

Монросцветмет, Эрдэнэт үйлдвэрийг өмнө нь Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн зөвлөл хэмээх хоёр талын төлөөлөгч бүхий байгууллага үйл ажиллагааг нь чиглүүлж явдаг байсан ба өмчлөлийн хувьд Оросын талаас Ростех Монголын талаас ТӨХ-ны мэдэлд байгаад сүүлд “Эрдэнэс Монгол” болж өөрчлөгдөж байсан.

Монголросцветмет нэгдлийн 51 хувийг дээр дурдсан “Эрдэнэс Монгол” эзэмшдэг байсан бол одоо Оросын талын 49 хувийг худалдаж авсан далд эзэд нь хэн бэ гэдгийг огт дурдахгүй байна. Эрдэнэтээс ялгаагүй мөн л Худалдаа Хөгжлийн банкны мэдэлд оччихоод байгаа гэх мэдээлэл явдаг ч үүнээс цааш газар үгүй гэдэг шиг сураг үгүй. Тэгсэн мөртлөө Эрдэнэтийн 49 хувийг л бултаараа яриад байдаг, тэр байтугай шалгах ажлын хэсэг хүртэл гаргасан. Тэгвэл Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн хувьд ХХБ-ны мэдэлд Эрдэнэттэй хамт очсон гэгдээд байгаа Монголросцветметийн 49 хувийг тойрсон асуудалд мөн л шалгалт оруулах ёстой. Хамгийн гол нь энэ нэгдлийн дүрмийн санд Асгатын мөнгөний ордын лиценз байдаг. Тэгэхээр энэ наймаанд Асгатын орд газар зарагдсан байгаа юм.

Асгатын мөнгөний opд нь Moнгoл Улсын бapyyн xoйд xэcэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, OXУ-ын Гopно-Aлтaй бa Тyвa yлcтaй хил залган оршдог бөгөөд Зacaг зaxиpгaaны нэгжийн xyвьд Бaян-Өлгий aймгийн Hoгooннyyp cyманд харьяалагддаг. MV-004388 – Асгатын ордыг (37.03 га талбай) 2002 оноос, MV-008191 – Асгатын өмнөд участок, 390.28 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-008645 – Асгатын хойд төвийн хэсэг, 620.63 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-000278 – Асгат, 2.41 га талбай бүхий ордыг 1996 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээр Монголросцветмет нэгдэл тус тус эзэмшсээр ирсэн. Улсын хилийг хоёр ч удаа давж хүрдэг байсан зэрэг бэрхшээлтэй байдлыг нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас барилгын цэргийн 340-р анги байгуулж, 3.4 тэрбум орчим төгрөгөөр 10-аад км-ийн урттай уулын сайжруулсан зам тавьж байж арилгасан байдаг. Сүүлийн үед Монголросцветмет нэгдлийн бусад орд газруудынх нь хувьд олборлолт багасаж, хуучин шигээ том байгууллага биш болсон, эдийн засгийн өгөөж нь буурсан ч Асгатын ордын лиценз гол үнэ цэнийг нь агуулдаг байсан гэвэл наймааны цаад зорилго Асгат руу чиглэсэн байж болох. Тэгвэл энэхүү ордын лиценз өнөөдөр Монгол Улсын төрөөс гадна хувийн аж ахуйн нэгжийн гарт орсон байгаа. Яагаад Асгатын талаар төр засгийн зүгээс, холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгөхгүй, ярихгүй байна вэ, хэний гарт орсон, яагаад ийм орд байгаагүй юм шиг л чимээ алдарчихав? Хэн хариулт өгөх вэ?

politik.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу