UEFA-н ерөнхийлөгчөөр Александер Чеферин сонгогдлоо

Грекийн нийслэл Афин хотноо өчигдөр хуралдсан Европын хөлбөмбөгийн холбооны тусгай конгрессоос Словенийн иргэн Александер Чеферинийг тус холбооны долоо дахь ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрээр хуралд оролцогчдын 48 хүний саналаар сонгогдсон бол түүнтэй өрсөлдсөн Михэль ван Прааг 13 хүний санал авсан байна. Европын хөлбөмбөгийн холбооны шинээр сонгогдсон ерөнхийлөгч А.Чеферин нь 1969 оны 10-р сарын 13-нд Словенийн Льюблиана хотод төрсөн. Льюблиана хотын их сургуулийг хуульч мэргэжлээр төгсч, хөлбөмбөгийн тамирчдад хуулийн зөвлөгөө өгөх гэр бүлийн фирмэ байгуулжээ. Тэрээр улсынхаа хөлбөмбөгт нэлээд анхаарал тавьдаг бөгөөд тус улсын хамгийн нэр хүнд бүхий футзалны баг болох Свеа Лесна Литияа багийн удирдах зөвлөлд ажилладаг юм. А.Чеферин нь 2011 онд улсынхаа хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, мөн тэр ондоо Европын хөлбөмбөгийн холбооны Хуулийн зөвлөлийн дэд даргаар сонгогджээ.

С.Болор

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу