ААВДАА ЗАХИДАЛ БИЧИХ УРАЛДААНЫГ АНХ УДАА ЗОХИОЖЭЭ

Ижийдээ захидал бичих уралдаан жил бүр зохион байгуулагддаг. Харин аавдаа бичсэн чин сэтгэлийн үгтэй захидлын уралдаан тэр бүр болдоггүй. Тэгвэл Монгол Улсын СГЗ, Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сан, Баруун-Урт сумын Гуравдугаар БДС-ийн Ухаарахуй номын клубтэй хамтран “Аавдаа захидал бичээрэй” уралдааныг анх удаа зохион байгуулжээ.

Тус уралдаан нь Монгол цэргийн өдөрт зориулан зохион байгуулагдсан байна. Уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнцагаан, Түвшинширээ, Уулбаян, Баруун-Урт зэрэг сумдаас болон Архангай аймгийн Хашаат сумаас гээд нийт 200 орчим захидал иржээ. Шүүгчээр АБТА, ахмад багш Ц. Дэлгэр, Түмэнцогт сумын ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш А. Өнөрсайхан нар ажилласан байна.

“Хүүхдүүд яг амьдрал дээр ааваасаа илүү ээжтэйгээ ойр дотно байж, ярилцаж ойлголцдог. Өөрийн чин сэтгэлийн үгийг болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар тэр бүр аавдаа яриад байдаггүй шүү дээ. Яг л энэ дүр зураг хүүхдүүдийн захидлаас харагдаж, дотроо бодож, санаж бүр шаналж явдаг зүйлсээ ч захидалдаа дурдсан байна. Захидлын гол шалгуур үзүүлэлт бол захидлын утга найруулга, дээрээс нь хүүхдийн зөв бичгийн дүрмийн мэдлэг байсан. Хэдийгээр хөөрхөн санаануудыг гаргаж ирсэн ч зөв бичгийн дүрмийн алдаа бараг захидал бүрт гарч байна. Энэ бол харамсалтай зүйл. Тиймээс цаашид сурагчдын зөв бичгийн дүрмийн асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага байна гэдэг нь харагдлаа. Нөгөө талаар яг захидал гэдэг зүйлээ сайн мэдэхгүй, зохион бичлэг, эссэ шиг бичвэрүүд олон байлаа. Гэхдээ хүүхдүүдийн чин сэтгэлийн үгтэй захидлуудыг уншиж суухад ухаарал, урам зориг хайрлаж байсныг хэлэх хэрэгтэй” гэж шүүгч Ц.Дэлгэр  ярилаа.

Уралдааны тэргүүн байрыг Баруун-Урт сумын нэгдүгээр БДС-ийн 10 дугаар ангийн сурагч Б.Мөнхлхам эзэлсэн бол удаах байруудыг Баяндэлгэр, Түвшинширээ сумын сурагчид эзэлжээ.

Аймгийн Нийтийн номын сангаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Ижийдээ захидал бичээрэй" уралдааныг мөн зохион байгуулахад бүх сумаас нийт 3020 ширхэг захиа ирж байсан юм.
Т.Одончимэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу