Хэрэгжихээ байсан “Шилэн дансны хууль”

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анхлан санаачилж “Шилэн дансны тухай” хуулийг УИХ-аар батлуулснаар 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс бүх нийтээр дагаж мөрдөхөөр болсон. Одоо ч энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд амьдралд гэхээсээ илүүтэй цаасан дээр үлдсэн хууль болчихоод байна. Ёстой л нөгөө монголын хууль гурав хоног гэдэг нь болчихоод байгаа гэсэн үг.

МАН 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж олонхи болсноос хойш энэ хууль чухам ямар шатандаа хэрэгжээд байгаа нь ойлгогдохгүй болсон гэхэд хилсдэхгүй. Яам, тамгын газар, төрийн өмчит байгууллагууд энэхүү хуулийн дагуу санхүүгээ ил тодоор зарлаж, зарцуулалтаа үнэн зөвөөр тайлагнах ёстой. Гэсэн ч яамны сайдууд нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан улсаас өгсөн мөнгө байхгүй, өөрийн хөрөнгөөр орон нутагт ажиллаж, унаа тэргээ гаргадаг хэмээн улстөржиж гоншигонож сууна. Уг нь үүнийхээ оронд тухайн яаманд нь хэдий хэрийн төсөв мөнгө суугаад, хэдийг нь ямар зориулалтаар ашиглаад байгаагаа үнэн зөвөөр танилцуулчихвал дээрсэн. Мөн үүнээс гадна НИТХ-ын дарга С.Амарсайхан саяхан өгсөн ярилцлагадаа төлөөлөгчид 10 саяын урамшуулал авдагаас татвараа төлөөд 7 сая гаруйг авдаг хэмээн хэлж. Уг нь хэдхэн жилийн өмнө сэтгүүлч миний бие яг энэ урамшуулалын талаар мэдээлэл бэлтгэж байхад журмандаа “Төлөөлөгчид улиралд 5 хүртлэх сая төгрөгийн урамшуулал авч болно” гэсэн заалттай ч тэд бөөнөөрөө хуралдаад хамгийн дээд буюу 5 саяар нь тогтоож байсан юм. Гэвч сүүлд ямар журам, хуулийн заалтыг баримтлан 10 сая болгосныг чөтгөр л мэдэх хэрэг болчихоод байна.

Уг нь Шилэн дансны тухай хуулиа дагаж мөрдөөд олон нийтэд ил тод мэдээллэдэг байсан бол тэд энэ мэтчилэн дураар авирлан нэмэхгүй байсан биз. Харин тэд хуулийг гууль болгон замхруулж, үүнийхээ дараа өөрсөддөө ашигтай байдлаар татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсээр байна. МАН-ын нэрийн хуудас болсон нэг нөхөр байлаа, “Шилэн” Цогоо гээд. Байнга л Шилэн дансны тухай хууль ярьж, хэрэгжилтийнх нь талаар олон нийтэд мэдээлдэг байсан юм. Гэвч сонгуулийн дараа Дэд сайдын суудал авснаасаа хойш таг болсон. Өнөөх “Шилэн” гэсэн нэр тодотгол нь зүгээр л нэг улстөрийн акц, ашиг хонжоо хайх нүүдэл төдий байж. Хууль баталчихаад хуулиа дагаж мөрддөггүй юм бол хууль батлаад юу хийнэ вэ, дарга нар аа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу