МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг эрх баригч намын зүгээс тусгаж өгсөн. Тодруулбал, “Эрх мэдлийн харилцан хяналт, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ”  гэсэн өгүүлбэрээр Үндсэн хуулийн өөрчлөлт засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН-ын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөх тухай хуулийн төслийг намрын чуулганы үеэр өргөн барихаар тогтжээ. Энэ дагуу нам дотроо эхний ээлжинд  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ажлын хэсэг гаргаад байгаа аж. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, судалгаанд үндэслэн Засгийн газраас хуулийн төслийг боловсруулан өргөн барих чигтэй байна. Одоогоор Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх, хуулийн төсөл ямар саналууд тусгагдах нь тодорхойгүй байгаа ч  ажлын хэсгийнхэн холбогдох судалгаагаа хийж, саналаа боловсруулж байгаа гэх мэдээлэл байна. 

Дашрамд сануулахад, өнгөрсөн парламентийн үед Н.Батбаяр нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байсан. Уг хуулийн төсөлд ерөнхий сайдын эрх мэдлийг одоо байгаа түвшнээс өндөрсгөж,  есөн яамтай байхаар тусгаснаас гадна УИХ таван жилийн хугацаатай 99 гишүүнтэй байх, ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг зургаан жил байх зэрэг заалтууд багтсан байв.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу