ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

Өмнөговь, Ухаа худаг, Оюу Толгой болон орон нутгийн иргэдийг найдвартай, байнгын эрчим хүчээр хангах, БНХАУ-аас импортолдог эрчим хүчийг багасгах. бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилготой Тавантолгойн Цахилгаан станцын мега төсөлд “Рио Тинто” компани баталгаа гаргавал бүтээн байгуулалт эхэлж, 2021 онд ашиглалтад орох бүрэн боломжтой. 

Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто группын 2009 онд байгуулсан “Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш “Оюутолгой” компани 4 жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан байсан. Үүнд, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм. Энэхүү заалтын хүрээнд 2017 оны долдугаар сараас эхлэн  “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Уг үүргийг биелүүлэх хүрээнд цахилгаан станц байгуулах зорилгоор “Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгж” 2013 онд байгуулагдаж, ажлаа эхлүүлээд байсан билээ.



Гэвч 2014 оны наймдугаар сарын 14-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон "Оюу Толгой" ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-г байгуулж гарын үсэг зурсан юм. Энэ гэрээг байгуулснаар “Оюутолгой” компани Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй болсон бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг хүчингүй болгосон талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрөгч хоёрдугаар сард мэдэгдсэн билээ.  “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд өөрчлөлт оруулахдаа заавал УИХ-аар хэлэлцүүлж батлуулах учиртай байхад зөвхөн Засгийн газар эрх олгосны дагуу ийн өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон хэмээсэн юм.

“Оюутолгой” компани хэрэв 2017 оны долдугаар сараас эхлэн дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангасан бол жилд 160-200 орчим сая ам.доллар хэмнэх байсан тухай Эрчим хүчний сайд мөн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Оюутолгой компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж ирсэн бөгөөд, түүний хөлсөнд жилд 160 сая ам доллар зарцуулж байсан бөгөөд ирэх жилээс гүний уурхайн үйл ажиллагаа эхэлбэл 200 орчим ам.доллар зарцуулах шаардлагатай болох юм. Тиймээс Монголын талд ирэх энэ ашгийг үгүй болгосон, хууль бусаар зурагдсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-г У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар цуцалж, “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3 дахь заалтыг дахин хүчин төгөлдөр болгоод байгаа. Энэхүү заалт хэвийн мөрдөгдөж эхэлснээр дөрвөн жилийн дараа дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ авах тоолуур эргэж эхэлсэн юм.

Монгол Улсад ашиггүй, хууль зөрчин байгуулагдсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан хүмүүст хариуцлага тооцох асуудал мөн яригдаж, АТГ-т ч мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байна. Уг төсөлтэй холбогдуулан "Тавантолгойн цахилгаан станц" мега төслийн захирал асан М.Энхсайхан болон бусад албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм. Гол нь УИХ-аар хэлэлцүүлэлгүй гэрээг байгуулсан нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, хууль зөрчсөн үйлдэл учир холбогдох байгууллагууд шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг Засгийн газрын зүгээс илэрхийлж байгаа юм. Тухайн үед буюу 2014 онд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тухай үеийн Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар гарын үсэг зурсан нь тодорхой болсон. Харин энэхүү гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олгосон захирамж өнөөдөр ил болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэгдэж байна. 



Монголын Засгийн газрын зүгээс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж буй. Харин Оюутолгой компанийн зүгээс “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-г цуцалсантай холбогдуулан дөрвөн жилийн дотор Цахилгаан станц барьж байгуулах, эсвэл “Тавантолгойн цахилгаан станцын төсөл”-д хөрөнгийн баталгаа гаргах, бусад эх үүсвэр гэсэн гурван хувилбараас сонголт хийх болоод байгаа.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд, Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК, Рио Тинто, “Оюу толгой” хамтарсан Тавантолгойн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулагч цөөхөн, техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй зэрэг шалтгаанаар дөрвөн жилийн дотор Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох боломжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж буйгаа мэдэгдсэн.



Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн мэдээлснээр, Оюутолгойн уурхайн талбай дээр цахилгаан станц шинээр байгуулах нь цаг хугацааны хувьд тун шахуу, бүх ажлыг зөвшөөрөл авах буюу анхан шатнаас нь эхлэх учир хугацаандаа ашиглалтад орох боломж хомс гэж үзэж буй юм. Үүний оронд ТЭЗҮ-ээ бүрэн боловсруулж дууссан, бүх шатны ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа Тавантолгойн цахилгаан станцын төсөлд хөрөнгийн баталгаа гаргавал 2021 он гэхэд ашиглалтад орох бүрэн боломжтой байгаа аж. Тавантолгойн цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалт энэ оны долдугаар сард эхлэхэд бэлэн болсон бөгөөд ТЭЗҮ-д тусгагдсанаар 1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэдгийг “Тавантолгойн Цахилгаан станцын төслийн нэгж”-ийн захирал Д.Батбилэг мэдэгдэж буй.



450 мeгаватт хүчин чадалтай байх уг станцын төслийн хөрөнгө оруулагчаар Марубени /66 хувь/, М-Си-Эс /34 хувь/, зээлдүүлэгчээр Япон, Солонгос улс болон дотоодын арилжааны банкууд оролцохоор төлөвлөөд байгаа юм. Хөрөнгө оруулагчид 2017 оны зургадугаар сарын 28-нд Засгийн газартай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтарсан консерциум болон зээлдэгч банкууд 14 хоног тутам уулзалт хийж байгаа.

“Рио Тинто” өнөөдрийн байдлаар уг төслөөс ямар нэгэн байдлаар татгалзаагүй бөгөөд хамтраад ажиллаж, үнийн болон батлан даалтын хэлэлцээг нарийн нягт хэлэлцэж байгааг Төслийн нэгжийн захирал Д.Батбилэг мөн илэрхийлж байсан. Хэрэв “Рио Тинто” баталгаа гаргахаар шийдвэрлэвэл дээрх зээлдэгчид санхүүжилт олгож, бүтээн байгуулалт эхлэхээр хүлээгдэж байна.
Н.Гантуяа
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу