Эмэгтэйн хацар дээр үнссэндээ уучлалт хүсч, Их хурлын гишүүнээсээ огцорлоо

БНСУ-ын Ардчилсан намын гишүүн Мин Бёнг До бизнес эрхлэгч нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсаны улмаас Их хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн талаар “Korea Times” мэдээлжээ

Өнгөрсөн бямба гаригт тэрбээр сэтгүүлчдэд “Би нөхцөл байдлаас үл хамааран уучлалт гуйж байна. Миний санаж буйгаар би ямар ч буруу зүйл хийгээгүй. Миний нэр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүсийн дунд багтаж байгаад нийт сонгогчдоосоо уучлалт хүсч байна. Намайг 2008 оны тавдугаар сард нэгэн эмэгтэйг дургүй байхад нь хүч хэрэглэж, хацар дээр нь үнссэн гэж буруутгасан. Би үүнийг зөвшөөрч байгаа бөгөөд олон жил өнгөрсөн ч хохирогч болсон эмэгтэйгээс уучлалт хүсч байна. Мөн цагдаагийн газраас дуудсан цагт очиж мэдүүлэг өгч, үйлдсэн хэрэгтээ зохих ял авах болно” гэж хэлжээ

Мин “Би #MeToo хөдөлгөөнийг дэмжиж буй бөгөөд тэр эмэгтэйд ямар нэг нэмэлт хохирол учруулахгүйгээр бүхий л боломж бололцоогоороо туслах болно” гэж хэлсэн байна. Хохирогч эмэгтэй бэлгийн дарамтад орсон талаараа хэвлэлд ярилцлага өгснөөс хэдхэн цагийн дараа тэрээр ийнхүү мэдэгдэл хийжээ. Эмэгтэй хэлэхдээ “Энэ хэрэг 2008 онд согтууруулах ундаагаар үйлчилдэг караокед болсон. Тэр надтай бүжиглэхийг хүсч, гэнэт намайг үнссэн. Дараа нь миний өмдний цахилгаан тайлагдсан байсан” гэж хэлжээ. Тухайн үед Мин Их хурлын гишүүн биш байсан аж

Өнгөрсөн бямба гаригт Мин-ий эхнэр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Хэдийгээр энэ нь нэг удаагийн буруу үйлдэл байсан ч уучлалт гуйх хэрэгтэй. Гэвч би нөхрийнхөө үнэнч шударга байдалд итгэдэг болохоор түүнийг уучилж чадна” гэж мэдэгджээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу