Р.ЭРДЭНЭЦОГТЫГ СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР БАТЛАМЖЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДАД УЛАМЖЛАВ

 Өнөөдөр болсон аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга З.Энхтөрийг хуралд оролцогч төлөөлөгчдийн олонхийн саналаар огцрууллаа. Улмаар 2004-2008 оны хооронд аймгийн Засаг даргаар  ажиллаж байсан Раднаагийн Эрдэнэцогтыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, мөн олонхийн саналаар дэмжин баталлаа. Шинэ Засаг даргыг батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд саналыг уламжлав.

Р.Эрдэнэцогт хэлэхдээ “Төлөөлөгчид маань намайг дэмжиж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, улмаар олонх нь дэмжлээ. Ерөнхий сайд албан ёсоор батламжилсны дараа үйл ажиллагааны хөтөлбөр болоод төсвийн асуудлуудаа хэлэлцэнэ. Мэдээж өмнөх даргын ажиллаж байсан үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой хэсгийг үргэлжлүүлж, зарим хэсэгт дахин тодотгол хийж, хуулийн хүрээнд ажиллах болно.” гэлээ.

Аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч нь Засаг дарга З.Энхтөрийг огцруулахыг дэмжсэн байна. Тодруулбал АН-ын 16 төлөөлөгчөөс гадна МАН-ын дөрвөн төлөөлөгч мөн дэмжжээ.

Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг шинэ Засаг дарга албан ёсоор батламжлагдсаны дараа хэлэлцэх саналыг ИТХ дахь АН-ын бүлэг гаргаж, хуралдаан завсарлалаа.
Т.Одончимэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу