ЭРГЭЛТИЙН БИЧИГ ОЛГОХДОО 500 ТӨГРӨГ ХУРААДГИЙГ ЗОГСООВ

Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт уулзалтын бичиг олгохдоо иргэдээс 500 төгрөгийн хураамж авдаг гомдол ХЭҮК-т иржээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос шалгалт явуулахад нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгийн хураамж авч, хураамжийн орлогыг өөрийн дотоод мөнгөн сандаа төвлөрүүлэн зарцуулж байсан байна.

Энэ нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байх тул нэн яаралтай таслан зогсоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд явуулсан. Тус шаардлагыг хүлээн авч, зөрчлийг арилгаж иргэдээс хураамж авдаг байсныг зогсоож ажилласан тухай хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн байна.


Ж.Батсайхан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу