Гадаадад мэндэлсэн хүүхдийн Монгол харьяаллыг хадгална

Монгол аав, ээжээс гадаад улсад мэндэлсэн, цаашид шинээр мэндлэх хүүхдийн Монгол харьяаллыг хадгалж үлдэх хуулийн төслийг Гадаад харилцааны яам /ГХЯ/ боловсруулна. Гэхдээ энэ нь давхар иргэншлээс тусдаа хөндөгдөх сэдэв гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд тайлбарлалаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Харьяатын тухай хуулийн 7.1 заалтаар эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байгаад хүүхэд нь Монгол буюу гадны улсад мэндэлсэнээс үл хамаараад Монгол Улсын харьяат иргэн байхыг зөвшөөрсөн. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулиар гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын иргэнээр бүртгэдэг. Мөн Үндсэн хуулийн 15.2-т Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хоригложээ. Гэвч аав, ээжийнхээ амьдралын шалтгаанаар гадны улсад мэндэлсэн нялхас тухайн улсынхаа хуулиар автоматаар иргэн нь болох нь бий. Хамгийн тод жишээ АНУ. Тус улс нь өөрийнх нь нутагт төрсөн хүүхдийг шууд 16 нас хүртэл нь өөрийнхөө иргэнээр бүртгэдэг. Энэ нь хүссэн хүсээгүй хилийн чанадад амаржиж буй эмэгтэйчүүдийн хүүхэд хоёр иргэншилтэй болсон гэсэн үг. Гэтэл Монгол Улсын Харьяатын тухай хуульд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс л хилийн чанадад мэндэлж буй монгол цустай багачуудыг эх орноороо овоглох эрх зүйн орчинг нарийн судалж, боловсруулан тэдний монгол харьяаллыг хадгалах шаардлагатай гэж ГХЯ үзжээ.

1998 оноос хойш 4400 орчим монгол хүүхэд гадаадад мэндэлжээ. Өнгөрсөн долоо хоногт эх орондоо чуулсан Хилийн чанад дахь монголчууд шинээр мэндэлж буй багачуудын иргэншлийн асуудлыг зохицуулж, эх орноороо хаяглах эрхийг нь хамгаалж өгөх хүсэлтийг Гадаад харилцааны сайдад тавьсан билээ. Энэ дагуу МУ-ын Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулж, давхар иргэншил хүссэн 2181 хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай гэдэгт салбарын яам нь санал нэгджээ. Гэхдээ давхар иргэншлийг зөвшөөрөхдөө гадаадын иргэнд үрчлэгдээд өөр улсын харьяат болсон, өөр улсын иргэнтэй гэр бүл болоод Монгол Улсын иргэншлээ солиулсан. Мөн гадны нэг улсын харьяалалтай ч давхар Монгол Улсын иргэншил хүссэн, Монгол Улсын иргэншилтэй ч бусад орноос иргэншил хүсэх иргэдэд эрх зүйн боломж гаргах нүх үлдээхгүйгээр хязгаарлагдмал нарийн зохицуулалтыг оруулсан хуулийн төслийг тусад боловсруулахаар ГХЯ судалгаагаа эхлүүлсэн байна. Гадаадад амаржсан монгол эмэгтэйчүүдийн дийлэнх нь АНУ, ХБНГУ, Швед зэрэг европын орнуудад амьдарч буй юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу