Дуучин Б.Амархүүгийн хэргийг Улсын ерөнхий прокуророос хаацайлж байгаа юу?

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг танхайрч хүн зодсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлээр гарсан. Тодруулбал түүнийг хүүхдийн 100-д байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн мэдээллэсэн байв.

Бид тухайн мэдээлэл гарсан даруйд цагдаагийн байгууллагын эх сурвалжтай холбогдож эл мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад дуучин Б.Амархүүгийн хүн зодож танхайрсан хэргээр цагдаад байцаагдаагүй. Харин өөр хэрэгтэй холбогдуулан сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр мэдүүлэг өгсөн гэх хариулт өгсөн юм.

Гэтэл үүний дараахан дуучин Б.Амархүүд зодуулсан гэх залуугийн өмгөөлөгч манай сайтад хандаж мэдээлэл өгсөн юм. Түүний өгсөн мэдээллээр дуучин Б.Амархүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргийн материалыг Улсын ерөнхий прокуророос гэнэт татан авч хянах чиглэл өгчээ. Тиймээс Улсын ерөнхий прокуророос хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлж, Б.Амархүүг хаацайлахаар оролдож, улмаар хуулийнхан Б.Амархүүгээс гэрчийн мэдүүлэг авсан гэх худал мэдээлэл тарааж байна хэмээн үзэж буйгаа тэрбээр хэлэв.

-ШҮҮХ ЭМНЭЛГЭЭС ХҮНДЭВТЭР ГЭМТЭЛ АВСАН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-

Энэ хэрэг явдал өнгөрсөн сарын 09-10-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед Хүүхдийн 100-д байрлах нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү машинтайгаа ирээд бууж ирэнгүүтээ хохирогчийг шууд барьж аваад зодсон аж. Энэ үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явж байсан залуу бас цохиж авсан байна. Харин ойр хавьд нь байсан хүмүүс очиж салгасан бөгөөд хохирогч залуу зодуулсны улмаас толгой хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтсэн, спортоор хичээллэх боломжгүй болсон, дурангийн хагалгаанд орох шаардлагатайг эмч нар хэлжээ.

Тухайн үед тэрбээр цагдаад дуудлага өгснөөр цагдаа нар ирж Б.Амархүүг хамт явсан хүнтэй нь авч явсан гэх бөгөөд Б.Амархүү “манай нам ялсан. Та нар намайг яаж ч чадахгүй хэмээн хашгирч байсан талаар мөн бидэнд мэдээллэв.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид “хүндэвтэр гэмтэл” учирсан гэсэн дүгнэлт гарчихаад байхад Б.Амархүү цагдаад мэдүүлэхдээ “Огт хүн зодоогүй, харин намайг танихгүй хүмүүстэй нийлж үгийн зөрүүгүй намайг зодсон гэж мэдүүлсэн бол хамт явсан хүн нь хохирогч залууг өөрөө юм мөргөөд унасан гэж мэдүүлжээ. Гэтэл тухайн үед хэн нь хэнийгээ зодсон талаар бичигдсэн бичлэг тус рестораны камерт бичигдэн үлдсэн нь хохирогчийн өмгөөлөгчид байгаа аж. Түүнчлэн уг үйл явдлыг харсан гэрчүүд ч байгаа аж. Гэтэл дуучин Б.Амархүүгээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээлэл хуулийн байгууллагаас тарааж байгаа нь ямар зорилго агуулж байгаа нь сонирхол татаж байна.

Зодоон болох шалтгаан юунаас үүдэлтэйг тодруулбал өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр дуучин Б.Амархүүг нэгэн албан байгуулагын шинэ жилийн үйл ажиллагаанд дуулуулахаар хохирогч залуу ярьж тохиролцсон байжээ. Гэвч Б.Амархүү тухайн өдөр үйл ажиллагаанд нь очоогүй, ажил амжихгүй байна хэмээн дуулаагүй байна. Үүнээс үүдэлтэйгээр хохирогч залуу болон Б.Амархүү нарын хооронд маргаан үүссэн байсан бөгөөд түүнийг мартахгүй явсан дуучин залуу ийн гэнэт уураа гаргаж, зодооны хэрэг өдөөсөн бололтой. Ямартай ч хохирогч залуугийн гомдол Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй. Эцэстээ энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж харах л үлдэв бололтой.

Б.БУРМАА

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу