Ижийн бичсэн захидал

Орчлонд чамайгаа мэндлэхэд
Орь залуу насаа чамдаа бэлэглэсэн
---Үнэгчлэн нойрсох чамайгаа хараад
---Үүлэн сүүдрээс харамлан энхрийлдэг
Саваагүйтэн дэрвэх тоолонд чинь
Салаа гэзэг минь шингэрнэ
---Уйлж инээж бид ойлголцоно
---Уруул давсаныг давтан шулганах үр
Ээжээ гэж дуудах цангинаанд
Элэг зүрх минь уярч хайлдаг
Эр болж өслөө ч чи минь
Эрт орой ч манцуйтай хэвээрээ
--- Сүү үнэртсэн сэвлэгийг чинь
--- Сэтгэл зүрхэндээ үнэрлэн санадаг
--- Сайн хүн болгох л гэсэндээ
--- Санасан бодсоноо нуулгүй зэмлэдэг шүү
Авъяас билэг чинь ундарч
Алдарт цойлох үе бий, бүү сага
Аминаас үнэтэй үр минь чи наддаа
Аглаг ууланд ургасан ганган сарнай шүү
--- Баатрын гавъяа байгуулахад чинь
--- Бусдаас харамлан би өмөлздөг
--- Бүүвэйлж суусан үеэ дурсахад
--- Бяцхан чи минь алган дээр тарвалздаг
Хальтарч бүдэрсэн ч бүү сөгд
Ханцуй шамлан тэмцэж бос
Хамаг олноо туслаж тэтгэн
Хорвоод удмаа үлдээхийг хүсдэг
--- Эх орондоо үнэнчээр зүтгэхийг хүсдэг
--- Элгэн садандаа үлгэрлэхийг хүсдэг
--- Эцэг өвгөдөө дээдлэхийг хүсдэг
--- Ээждээ ирж үнсүүлэхийг хүлээдэг
Аав ээжээрээ дутах цагт
Алаг үрс чинь нөхдөг юм билээ
Амьдрал дандаа боломж хайрладаг юм шүү
Алдаж үл болно чанга атгаарай
--- Хүний хүүхдээр хань хийхдээ
--- Хүйн холбоотой ижийгээ санаарай
Эх орноо удирдаж жолоодовч
Эрхийн чинээнд бодогдох үр минь
--- Манцуйтай байхдаа минийх ч
--- Маргааш чи эх орны цэрэг
Хэвлийд бойжсон үр минь
Хэзээч Эх Орноосоо бүү урваарай

С.Нямжав

 2013 он 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу