Би ээжийн охин

Урьд нь би ээжтэйгээ ойлголцохдоо тааруухан байлаа. Ээж минь миний юу өмсөх, идэх, уух, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөхийг минь хүртэл зааж өөрт нь жаахан л таалагдахгүй бол эрс эсэргүүцдэг хэцүүхэн ааштай хүн байдаг юм. Би өөдөөс нь өөрийнхөө санал бодол, хүслийг хэлэх эрхгүй юм шиг л миний үгийг үл тоомсорлох мэт аашилдаг байсан. Энэ байдал мэдээж 20 гарсан эмэгтэй надад тэсэхийн аргагүй залхмаар байсан учир хурдхан хүнтэй суугаад гэрээсээ явахын түүс болдог байлаа.

Харин нэг өдөр сайхан сэтгэлтэй, халамжтай, миний хүсэл мөрөөдөл, санаа бодлыг хүндэтгэдэг, мөрөөдлийн залуутайгаа би учирч, үерхэж эхлэсэн юм. Энэ үед мэдээж ээж минь түүнийг “рентгэн”-ээр харж байгаа юм шиг л сонжиж, судалсан. Харин ямар азаар ээжийн минь тэр олон шалгуур, даваануудыг нь 100% биш ч гэсэн ээжийн хувьд байж болох, давгүй залуу гэсэн дүнтэйгээр дуусгасан юм байгаан. Бид хоёр сайхан харилцаагаа үргэлжлүүлж эхлэсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа би урьд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй зориг гарган том шийдвэрт хүрч, түүнийгээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийхээр боллоо. Тэр нь юу вэ гэхээр ээжийн хийлгэхийг хүсдэг биш өөрийнхөө дуртай, багаасаа бодож ирсэн ажлаа хийх. Найз залуугүй байх үед маань энэ бол хэзээ ч бүтэшгүй зүйл байсан юм. Яагаад гэхээр манай гэр хотоос нэлээд зайтай харин миний мөрөөдлийн ажил Улаанбаатар хотод. Тийм болохоор ээж, аав хоёр хоёулаа л намайг ганцааранг минь тусд нь гаргаж ажил хийлгэнэ гэдэг хэзээ ч хүлээн зөвшөөрөшгүй асуудлын нэг байсан. Харин найз залуутай болоод тэр маань ээж, аав хоёроос хоёулангаас нь овоо үнэлгээ авсан байсан учраас зөвшөөрөхөөс өөр аргагүй байдлыг бид хоёр үүсгэсэн юм даа.

Ингээд найз залуутайгаа тусдаа гарч амьдраад хоёр жил болсны дараа нэгэн гайхалтай мэдээг гэнэт сонссоноор ээж бид хоёрын ойлголцлын томоос том гүүр бий болж өглөө. Тэр нь миний хэвлийд бойжих бяцхан үр юм. Эмчид үзүүлж мэдсэн тэр үеэр хадмын тал маань бэр гуйхаар болсон байсан нь ээжид минь давхар гэнэтийн бэлэг боллоо. Бэр гуйхын өмнөх өдөр нь хоёр талын аав, ээжүүддээ мэдэгдэхэд аль аль нь баяр хөөр. Гэхдээ мэдээж хүний төрсөн нь хамгаас илүү аз жаргалтай болдог юм билээ. Ээжийн минь нүдэнд нулимс дүүрээд ирж байгаа нь илт байгаа ч түүнийгээ надаас нуух гэж хичээнэ. Эхоны зургийг үзээд тонустай, ховхрол үүссэн байна, аюултай тул хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэдгийг уншсанаас хойш ёстой жинхэнэ утгаараа ээжийнхээ алган дээр бөмбөрөх гэдгийг би мэдэрч байна.

Битгий хөдөл, юу ч битгий хий, юу идмээр байна, хаана ямар сайн эмч байна гээд л санаа зовохгүй зүйл ээжид минь үгүй болсон. Дөнгөж хайраад гаргасан халуун боорцог сайхан шүү гээд л хэлчихсэн чинь маргааш өдөр нь 25 кг-ийн гурил авчихсан гэрт хүрээд ир ээж нь боорцог хайрч байна гээд л, шар тос сайн ид төрөхдөө өвдөдгүй юм ээж нь чамайг төрүүлэхдээ огт зовоогүй төрсөн гээд л энд тэндээс хураасан өрөм, цөцгий олж ирээд л хайлж өгнө. Ямар амттан идмээр байна? Зайрмаг идэх үү? Ундаа уухуу? гээд л яг л жаахан хүүхэд шиг намайг эрхлүүлж байна даа. Энэ зун бараг 3, 4 удаа бүтэн хонь авсан байх. Тэр болгонд нь гэдэс цэвэрлэхэд үнэрийг нь үнэрлэж чадахгүй байгааг анзаарсанчихсан болохоор сүүлд авсан хонины гэдсээ чамайг очихоос өмнө цэвэрлээд амжуулчихлаа, муухай үнэртэхгүй байгаа биздээ гээд инээгээд сууж байсан. Хараад хэчнээн их баярлаж, хайр хүрснийг үгээр хэлэхийн аргагүй. Ээжийн охин ямар байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч, эрхлэх үнэхээр сайхан байна надад.

Гэр орны ажил дээр урьд нь бол энийг ч хий, тэрийг ч угаа гээд 10 минут зүгээр суух боломж олгодгүй байлаа. Харин одоо болохоор өөрөө бүгдийг хийгээд чи яах гээд байгаа юм зүгээр сууж бай гэдэг болсон. Үүнд нь үнэхээр их санаа зовж байгаа хэдий ч хүүхдийн минь байдлаас болоод аль болох хөдлөж болохгүй учраас үгэнд нь орохоос өөр аргагүй.

Ээжийн минь ааш зан хайлсан тугалга шиг болсон энэ үед нөхөр маань хэдий халамжтай ч ээжийн минь сэтгэлийн хажууд хаана ч хүрэхгүй гэдэг нь тодоос тод мэдрэгдэж байна. Хадам ээж маань адилхан л санаа тавьж байгаа ч өөрөөс нь төрсөн охиноос ахин нэг амь бүрэлдэж байхад ээж маань хэнээс ч илүү байдаг юм байна.

Ээжийн минь санаа зовох зүйлс хэзээ барагдаж дуусахыг хэлж мэдэхгүй юм. Хэд хоногийн өмнө эход харуулахад буруу байрлалтай байна гэхийг сонсоод ахиад л санаа нь зовно. Анхны хүүхдээ өөрөөрөө төрвөл сайн юмсан, төрөх хүртлээ эргэхгүй бол яана аа, хүүхэд минь хөдөлж байна гэхээр тэр үед нь зөв байрлалдаа ороорой гэж сайн хэлээрэй гээд л хайр хүргэнэ. Ингэж хэлэх болгонд нь үлдсэн хугацаандаа заавал зөв байрлалтай болно оо ээжээ гэж хэлж тайвшруулахыг оролддог болсондоо.

Яг одоо л би ээжийгээ урьд урьдынхаас илүү ойлгож байна. Ээж минь ч бас миний юу хүсэж, бодож, санадгийг анхааралтай сонсож, зөвлөгөө өгдөг болсон. Та урьд нь ингэдэг байж билээ гэхээр тийм гэж үү гээд итгэж ядна. Өөрөө ч анзаарахгүй миний төлөө хэтэрхий их санаа зовсондоо тэгдэг байсан нь миний буруу гэж хүртэл хэлсэн. Сүүлийн үед бүр ч их нээлттэй ярилцдаг болсноос хойш эмээ маань төдийлөн хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, хатуу хүн байснаас ээж маань өөрөө эхийн хайрыг бага мэдэрсэн юм билээ. Тийм болохоор л өөрийнхөө мэдрээгүйг надад мэдрүүлэх гэж хэтрүүлдэг байснаа сая л ойлгосон юм билээ. Тэр бүх үед би дургүйцлээ илэрхийлж гомдоохоор үг хэлчихээгүйдээ одоо баярлаж байна.

Хамгийн сүүлд хэлсэн сайхан үг нь “Өөрийгөө жирэмсэн байхад юуг ч тоохгүй байдаг байсан хэрнээ охиноо жирэмсэн байх үед айх, санаа зовох юм мундахгүй юм” гэж билээ. Тэгэхээр эх хүн гэдэг өөрийгөө үл хайхардаг хэрнээ үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн тийм л хүн байдаг юм байна. Ээж ээ, одоо л би таныгаа юу юунаас илүүтэй ойлгож байна.

Тандаа хайртай.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу