“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ЖИЛД НЭГ УДАА ХАР, ЦАГААН ЖАГСААЛТ ГАРГАНА

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлагууд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэсний компани болсонтой холбогдуулан худалдан авалтын дүрэм журмаа Монгол Улсын хуульд нийцүүлэн өөрчилж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримтлан ажиллаж байгаагаа танилцууллаа.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт бараа, материал нийлүүлэхэд, тус үйлдвэрт хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан, зах зээлийн үнээр болон хугацаандаа нийлүүлдэг байх гэсэн шаардлагыг хангасан орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал олгохоор худалдан авалтын журамдаа тусгасан гэж Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэллээ.
Түүнчлэн “Үйлдвэрлэгч компаниуд дундын зуучгүйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах саналаа өгөх эрх нээгдэж байгаагийн зэрэгцээ жилд нэг удаа хар, цагаан жагсаалт гаргаж, цагаан жагсаалтад орсон компаниудын удирдлагатай уулзаж, санал хүсэлтээ солилцох, алдаа оноо байвал засаж залруулан ажиллана. Харин бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүй, хариуцлагагүй компаниудыг хар жагсаалтад оруулж дахин хамтран ажиллахгүй” гэж тэрээр мөн мэдэгдсэн юм.
Уулзалтын үеэр “Оракс” компани Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн зэс болон молибдений баяжмалын шүүлтүүрийн цамц, Засвар мехнаникийн цехийн хайлах зуухнаас гардаг утаа тоос тоосонцорын шүүлтүүрийг 2015 оноос үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа хэллээ. Лед гэрлийн “Анд-Энерги” хувьцаат компани 2017 оноос Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Цаашид цахилгаан угсралт, автоматжуулалтын чиглэлээр шийдэх асуудлыг нээлттэй зарлахыг хүсч байгаагаа ч илэрхийллээ.
Ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгч компаниуд “Эрдэнэт” үйлдвэртэй харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал бодлоо нээлттэй солилцсоноор уулзалт өндөрлөлөө” гэж тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу