Цалин нэмэх боломжгүй, популистууд аа?

Төр нь мөнгөгүй, төсөв нь алдагдалтай байтал Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо /МҮЭХ/-ноос төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавьж эхлэв. Цалинг 40 хувиар нэмэх ёстой гэнэ. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байхад шүү.   

Сангийн яамнаас гаргасан энэ оны долоон сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ. Хагас жилийн гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн төсвийн алдагдал нэгхэн сарын дотор 900 тэрбум төгрөг болж өссөн шалтгааныг холбогдох албаныхан тайлбарлах биз. Ер нь бол гэрлийн хурдаар өсч байгаа төсвийн алдагдлыг бууруулахын тулд шинэ Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг өсгөхөөс илүүтэй төсвийн зардлыг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай болж буй. Гэтэл МҮЭХ-ноос тавьж буй шаардлага нь тэс ондоо, үнэн мэдрэмжгүй, цалинг 40 хувиар нэмэх.

Уг нь МҮЭХ бодит байдлаа мэдэрч ажиллаж чаддаг бол  ажлын байрыг хадгал, төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлын байранд нь үлдээ гэж шаардах ёстой юм.  Харамсалтай нь, тэгсэнгүй, 2016 оны төсвийн тодотголыг боловсруулах хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 40 хүртэл хувиар нэмэх эх үүсвэрийг суулгах ёстойг шаардаж байна.

Төрийн албан хаагчид бол Монголын нэгээхэн хэсэг. Монголд өнөөдөр 1 сая орчим иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 180 мянга орчим нь төрд, бусад нь хувийн хэвшилд харьяалагддаг. Төрийн албан хаагчдын цалин өсөхөд хувийн хэвшлийнхэн ямагт чирэгддэг. Яагаад гэвэл хувийн хэвшлийнхэн хэн нэгний шантаажаар цалинг өсгөдөггүй, хөдөлмөрийн бүтээмжтэй уядаг юм. Ийм томъёог МҮЭХ-ныхон хэзээ ч бодож байгаагүй. Инфляц тэдэн хувиар өслөө, цалин, тэтгэврийг ингэж өсгөх ёстой гэж муйхарладаг. Дээр нь популизм хийдэг.

Монголчууд популизмын өртгийг өнгөрсөн дөрвөн жилд хангалттай амссан. Уул уурхайн томоохон төслүүд өнөөдөр урагшлаагүй нам зогссон нь популизмын гай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 0 заасан нь мөн популизмын үр нөлөө юм. Тэд ингэж л улсаа хорлосон.

Эдийн засагт гал ассан нь мөн л популизмтай холбоотой. Энэ дээр нь МҮЭХ-оос төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавьж, дэвслэхээр юу болох вэ?. Гал асчихаад байгаа эдийн засгийг улам шатаахаас өөр үр дүн авчрахгүй. Энэ хүнд үед иргэд ажилтай байх нь чухал болохоос биш цалингийн өсөлт дэргэд нь юу ч биш.  

Эдийн засаг хямраагүй байсан бол өмнөх Засгийн газрын үед тавьж байсан гурван талт хэлэлцээрийн талаар сануулж болно. Харин өнөөдөр бодит байдал өөр гаргалгааг шаардаж байна шүү дээ. Тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг өсгөхөөс илүүтэй эдийн засгаа аврах гарцыг гаргах нь чухал болоод байна. Иймээс төрийн албан хаагчдын цалинг өсгөх шаардлагаа түр азна. Бас популизмаа зогсоо. Бодит байдлаа мэдэр...

Боломж байсан бол та бүхнээр шаардуулахгүйгээр өмнөх Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг өсгөх л байсан. Боломжгүй учраас л зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн хэрэг шүү дээ.

Ер нь аль ч үеийн Засгийн газар, ямар ч даргатай болсон МҮЭХ зөвхөн төрийн албаныхныг л бөөцийлдөг. Тэдний төлөө Засгийн газар ажилладаг, тэдний төлөө МҮЭХ шаардлага тавьдаг, жагсдаг, цугладаг, шантааж хийдэг.  

Гэтэл төрийн албан хаагчдын цалин өсөх бүрийд хувийн хэвшлийнхэн илүү өртөг төлж бэрхшээл туулдаг. Учир нь цалин, тэтгэвэр нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямагт өсдөг. Энэ өртгийг цалин нь өссөн төрийн албан хаагчид ажрахгүй даван туулдаг бол хувийн хэвшлийнхэнд ачаа болоод үлддэг.

Нийт массаа харвал хөдөлмөрийн салбарт хувийн хэвшлийнхэн голлодог. Хувийн хэвшилд 800 мянга орчим хүн ажилладаг гэсэн судалгаа бий. Тэд баялаг бүтээж, төрд татвар бүрдүүлдэг. Тэд бас төрийн албан хаагчийн нэгэн адил гэр бүлтэй. Хүүхдээ өсгөдөг, хүмүүжүүлдэг. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт сургахаас эхлүүлээд олон үүрэг бий. Одоо тэдэнд ажилгүй болчих вий гэх айдас нь өдөр бүр зовоодог. МҮЭХ-ныхонд нэг хэсэг нь татвар төлдөггүй байж болно, гэхдээ хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах зорилго дор нэгдсэн холбоо юм бол эрх ашгийг нь давхар бодолцож, төрийн албан хаагчдын цалин нэм гэж шаардахаас илүүтэй хувийн хэвшлийг ажлаа байраа хадгалж үлдэхэд нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахад нь дэм болж ажилла. Үүнээс өөр хүсэх зүйл алга.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу