МАЛЧДАД СЭТГЭЛ ГОНСОЙХЫН УЧИР

Цагаан тос гэж хачин сайхан зүйл байдаг даа. Хотод ирсэнээс хойш олон жилийн дараа таарч байгаа юм. Манай нутгийн цагаан тосны дэргэд бол хайлмаг шиг л зүйл байсан ч олзуурхсан гэж.

Амт нь хайлмагаас дутуу ч ээзгийтэй цагаан тос гэж бодохоор өег сайхан санагдаж, олон жилийн дараа баярын идээнийхээ оройд монгол цагаан тос тавивай.

Сар шинийн идээгээ хураахад өнгөр нь жаахан хатаад бүүр янзтай болчихсон байдагсан. Тэгж бодоод л хатсанаас амандаа хийгээд хүлхлээ. Амтагдаж байгаа юм алга. Харин хазмагцаа андуураад печень амандаа хийчихсэн юм байгаа гэж бодоод гаргаж ирж харлаа шдээ.

Сүүлийн хэдэн жил хөдөөгүүр явахдаа ч багадаа амталдаг байсан шигээ сайхан цагаан идээ олж идэж чадсангүй. Хөдөөгийн айлд хоноод өглөө босоход сагсайсан зузаан өрөм, хуруу зузаан ааруул, гэрийн боорцог ширээн дээр тавьчихсан байдаг даа. Өө, тэр гэрийн эзэгтэйгтэйнх нь аягалан барьж буй цайных нь ааг, амтыг бол үгээр илэрхийлэхийн аргагүй. Даанч энэ мэдрэмжийг сүүлийн хэдэн жилийн үгүйлэхээс өөрөөр мэдэрсэнгүй.

Зочин л ирвэл байгаа бүхнээ дэлгээд угтдаг монгол сайхан заншил ч хөдөөд ч бас гээгдсэн л байна лээ. Заавал нэр ус, ажил төрөл, хэрэг зоригоо мэдүүлж, албан тушаалаараа бараг "сүрдүүлэн" байж дайлуулж цайлуулж байгаа юм даг уу даа.

Ном бүтээх болон сэтгүүлчийн ажлаар олон газраар орсоон. УИХ-ын гишүүдтэй хамт явахад тавагтай идээ, тарган махаа гишүүнийхээ өмнө тавьчихаад дагалдаж явагсдыг нь хатавчиндаа суулгачихаад цайнаас өөр зүйл хялайлгах ч үгүй айлтай таарч л байлаа. Ийнхүү таних, танихгүй нь хамаагүй цайлдаг дайлдаг ёс заншил, малчин түмний зочломтгой зан тэртээд хоцорчээ.

Нөгөөтэйгүүр, биднийг багад цагаан идээ боловсруулах ажил үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал дуусдаггүй байлаа. Сүү хэмээх ганцхан зүйлээр яасан олон төрлийн амттан бэлтгэдэг байсан юм бэ дээ. Гэтэл өнөө цагт малчин эзэгтэй нарын бэлтгэдэг амттан өрөм, ааруулнаас нэг их хол давахаа больжээ. Бяслаг тавьж буй айл тун цөөхөн үзэгдэнэ. Ээзгий гэдэг зүйл бараг мартагдаж, түүнээс үүдээд ээзгийтэй тос ч өдрийн од болж.

Эрчүүд нь ч ялгаагүй, малынхаа түүхий эдийг боловсруулахаасаа илүүтэй арьс шир, ноос ноолуур чигээр нь мөнгө болгочихыг илүүд үзэцгээнэ.  Аав маань "хонь муулна гэдэг их том эрдэм соёл юм шүү" гэж ах нарт хэлэхийг олонтаа сонсож өссөн. Энэ үг сэтгэлд хоногшсон болохоор муухай ажилласан малын маханд тун сүсэггүй. Гэтэл сүүлийн үед хөдөө орон нутгаас ирсэн малын махаар дүүрэн үс ноос, хялгас...

Энэ мэтээр малчдад сэтгэл гонсойхын учир олон байна аа. Зах зухаас нь дурьдахад л ийм байна.
Жич: "Муу хүн идсэнээ" гэдэг. Гэвч энэ бол өнгөцхөндөө цай хоолны асуудал мэт боловч угтаа монгол түмний зочдоо хүндэтгэх ёс, нүүдэлчин түмний найрсаг зочломтгой зан заншлын тухай асуудал юм шүү.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу