Олимпийн тосгоны онцлох мэдээ

Happy birthday Х.Энх-Амар “Рио-2016” олимпийн нээлт болсон наймдугаар сарын 5-ны өдөр боксчин Х.Энх-Амарын насан баяр тохиож, олимпийн тосгонд даруугийн даруу ёсоллоо. Ховд аймгийн Алтай суманд мэндэлж байсан хүү 24 насны төрсөн өдрөө Өмнөд Америк тивд, дэлхийн бүх шилдэг тамирчид цугласан олимпийн тосгонд тэмдэглэнэ гэж хэн санах билээ. Төрсөн өдөр нь тохиосон тамирчиндаа Монголын боксын холбооныхон 100 еврог газар дээр нь гардуулж, алт, мөнгө, хүрэл медалийн аль нэгийг нь хүртээрэй хэмээн хүслээ хамт шивнэжээ.

Олимпийн тосгонд төрсөн өдөр нь болох өөр нэг тамирчин бол чөлөөтийн Э.Бэхбаяр. Олимпод анх удаа оролцохоор ирж яваа Эрдэнэбатын Бэхбаяр 1992 оны наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төржээ.

Чөлөөтийнхөн Риод ирлээ

Олимпод оролцох чөлөөт бөхийн бүсгүйчүүд наймдугаар сарын 5-нд Бразилд ирлээ. Манай тамирчид бусдынхаа жишгээр шууд хотхонд ирэлгүй, Риогоос зуу гаруй км-ын зайтай Монголын багт зориулан бэлтгэсэн Бэлтгэлийн төвд даруухан, чимээгүйхэн тактикаа боловсруулж байна. Харин чөлөөтийн эрчүүд замдаа яваа ба өнөөдөр /VIII.09/ Рио-Де-Жанейрод газардана. Ийнхүү олимп, дэлхийн медальтнуудтай чөлөөт бөхийн хүчирхэг баг Риод ирснээр Team Mongolia бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпийн хотод цуглаж байна.

 

Ж.Гантөгс 40 насандаа олимпод оролцлоо

Байт харвааны тамирчин Ж.Гантөгс Риогийн олимп эхлэх өдөр 44 нас 115 хоногтой байж, хамгийн ахимаг насандаа олимпийн наадамд оролцсон монгол тамирчны дээд амжилтыг эзэмших боллоо. Өмнөх амжилтыг цаначин Л.Дорж 1984 оны олимпод 40 нас 217 хоногтойдоо тогтоожээ. Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөн Ж.Гантөгс өнөөдөр /VIII.08/ Тайландын тамирчин В.Тамвонгтой халз харвасан ч ялагдал хүлээн, тэмцээнээ дуусгалаа. 2009 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн тэрбээр өмнө нь Лондон-2012 олимпод оролцож байв.

 

“Орой унтаад сэрсэн чинь олимпод явах боллоо”

Риогийн олимпод гэнэт дуудагдан ирж, хоёр ч хонолгүй тэмцээний талбарт гарч очсон залуу туйванч Ө.Чагнаадорж тэмцээнээ дуусгасан ч туршлага хуримтлуулж явна. ОХУ-ын тамирчин допингийн зөрчлийн улмаас олимпод оролцох эрхээ хасуулсан тул монгол тамирчинд боломж тохиож, амралтын байдлаас шууд аваргуудтай өрсөлдөхөөр дуудагдсан Ө.Чагнаадорж энэ жил 19 нас хүрч яваа. Өвөрхангай аймгийн Баруунбаянулаан сумын харьяат. Сумандаа төрж өсөн, Улаанбаатар хотод шилжин ирж, 53-р сургуульд суралцсан. Гурван жилийн өмнө дүүргийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байхдаа өөрийн багш Д.Чинзоригтой таарч, багшийнхаа ятгалгаар секцэнд явж эхэлжээ.

Олимпод оролцох мэдээг цочир хүлээн авсан Монголын багийн отгон гишүүн “Гэнэт нэг өглөө багш утасдаж, олимпод явах боллоо гэдгийг хэлсэн. Итгэж өгөхгүй, багш ямар хатуу тоглодог юм гэж бодоод, очиж уулзаж байж итгэсэн. Орой унтаад сэрсэн чинь олимпод явах болчихсон байлаа” хэмээн баярт мэдээ хүлээж авснаа ярилаа. Түүний багш Д.Чинзоригийн аав, хүндийг өргөлтийн нэрт дасгалжуулагч Я.Дөрвөнжин таалал төгсөхийн өмнө “Чагнаадоржийгоо л дагуулж олимпод явах байхдаа” гэж ярьдаг байсан тул аавынхаа хүсэл, бодлыг биелүүлж байгаадаа баяртай байгаа талаар дасгалжуулагч Д.Чинзориг ярилаа.

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүд 1972, 1976, 1980 оны олимпод оролцсон. Сүүлд 1996 оны Атлантын олимпод Ц.Хосбаяр оролцохоор очсон боловч хүнд бэртлийн улмаас тэмцээнд оролцож чадаагүй юм. Олон жилийн дараа туйванч эрчүүдээ төлөөлөн олимпод ирсэн Ц.Чагнаадорж 56 кг-д оролцож, Монголынхоо нэрийг дуудууллаа. Залуу тамирчинд Риогийн олимп туршлага ч, ташуур ч болох биз ээ.

 

Риод илгээмж ирлээ

Хөнгөн атлетикийн тамирчид Риод ирсэн дасгалжуулагчдаа гэнэтийн бэлэг барьжээ. Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Б.Төрбатад наймдугаар сарын 6-ны өдөр тосгонд ирсэн зочин Samsung galaxy J7 утас гардуулж, шавь нар нь амжилт хүссэнийг дамжуулжээ. Газраар, тэнгэрээр, ганган онгоцоор ирсэн гар утас эзэндээ хүрч, бразил дугаараар баруу, солгойгүй дуудлага хийж байгаа гэнэ лээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу